Их Британийн Засгийн газар ажилгүйдэлтэй тэмцэхэд 4.3 тэрбум фунт стерлинг гаргана

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-11-25 11:20:00

ЛОНДОН. /PA/. Их Британийн Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын адил эрсдэл нь нэмэгдэж буй асар их ажилгүйдлийг шийдвэрлэхэд 4.3 тэрбум фунт стерлинг (5.7 тэрбум ам.доллар) гаргахаар болжээ.


Их Британийн Сангийн сайд Риши Сунакийн мэдээлснээр, үүнээс 2.9 тэрбум фунт стерлингийг (3.9 тэрбум ам.доллар) 1 сая гаруй ажилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээл рүү буцаах “Restart” хөтөлбөрт зарцуулна. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь нэг жилээс дээш хугацаагаар ажилгүй байгаа хүмүүст, ялангуяа хүнд нөхцөл байдалд орсон нас ахиж буй хүмүүст туслах зорилготой байна. 


Үлдсэн 1.4 тэрбум фунт стерлингийг нь (1.9 тэрбум ам.доллар) хүмүүсийг ажилд ороход нь тусалдаг Засгийн газрын агентлагийн нэмэлт санхүүжилтэд зориулна.


“The Times” сонинд мэдээлж буйгаар, Их Британид энэ жил дор хаяж 750 мянган хүн ажилгүй болсон бөгөөд зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа хүмүүсийн тоо 72 мянгаар нэмэгджээ. 11 дүгээр сарын эхээр Английн банк  2021 оны ажилгүйдлийн түвшний талаарх урьдчилсан таамаглалаа 8 хувиас 7.7 хувьд хүргэж бууруулсан байна. Гэвч энэ нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа одоогийн 4.8 хувийн түвшнээс хамаагүй өндөр үзүүлэлт юм.


Холбоотой мэдээ