QR код бүхий тусгай зөвшөөрлийг албан хэрэгцээний автомашины 50 хувьд нь олгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.
“QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олгох холбоотой асууж, тодруулах зүйлээ 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно” хэмээн тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлж, үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд зохицуулалт хийсэн.
Ташрамд дурдахад энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл
ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд авах бөгөөд бусад иргэн, аж
ахуйн нэгж хамаарахгүй, хөл хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулсан
юм.