Арван хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-11-23 13:26:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт "Ковид-19" цар тахлын халдвартай бүс нутагт халдвартай нь батлагдсан хүнтэй ойрын хавьтал болсон гурван иргэн, тэдгээрийн хавьтал болсон иргэдийг тусгаарлан шинжилгээ авчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн дунд “Дундговьд халвартай тохиолдол илэрлээ” гэсэн цуурхал тарж, иргэд айдас, түгшүүртэй байсан тул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж, иргэдийг ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан.

Тус аймгийн зэргэлдээ Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол илэрч, түүнтэй ойрын хавьтал болсон нэг иргэн Гурвансайхан сумын Элгэн багт ирсэн тул тухайн иргэнийг олж тогтоон, түүнтэй хавьтал болсон 16 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 10 хүний PCR шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан нь бүгд сөрөг гарчээ.

Мөн энэ сарын 20-нд Улаанбаатар хотод халдвартай нь тогтоогдсон нэг иргэний ойрын хавьтал хоёр иргэнийг олж тогтоон түүний хавьтал болсон 57 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан ба 30 хүнээс PCR шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан байна.

Өчигдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд, 381 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тэдгээрийн 247 нь суманд, 134 нь аймгийн төвд байна.

Харин аймгийн тусгаарлах байранд 16 иргэн байгаа ба тэдний 10 нь суманд, зургаа нь аймгийн төвд байгаа аж.

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж байгаа тул иргэдийг элдэв цуурхал, буруу ташаа мэдээлэлд авталгүй тайван хандаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, халдвартай иргэний ойрын хавьтал, түүний хавьтал болсон иргэд сөрөг гарсан хэдий ч гадуур явалгүй ажиглалтын дэглэмээ баримтлах хэрэгтэй, халдвар нууц үедээ байхыг үгүйсгэхгүй, болгоомжтой байх хэрэгтэй, дотооддоо халдварыг алдахгүйн тулд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ