Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэр хэвийн цагийн хуваарьт шилжсэн ч хөл хорио үйлчилсэн хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-23 08:23:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэв.


Тодруулбал, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага, эмнэлэг, хот нийтийн аж ахуй зэрэг 13 салбарын ажилтнуудаас бусад иргэнд хөл хорио үйлчилсэн хэвээр байх юм.


Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, “Нийтийн тээвэр хэвийн горимд шилжсэн нь 13 салбарын ажилтнуудад бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчилэх зорилготой шийдвэр. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүст халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна. Жолооч болон хяналтын хүмүүс тухайн автобусанд суух цөөн тооны хүнийг аваад, бусдыг нь дараагийн автобусанд суухыг шаардана. Тиймээс иргэдийг тэдний шаардлагад хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Энэ бол монголчуудын аюулгүй байдалд хамгийн чухал нөлөөтэй шийдвэр юм шүү. Хоёрдугаарт, дэлгүүр, худалдааны төвүүд нэг дор үйлчлэх боломжтой хүмүүсийнхээ тоог гаргаж байгаа. Тоо хэтэрсэн тохиолдолд бусад хүн эхний үйлчлүүлэгчийг гарах хүртэл гадаа нь дугаарлах болж байна. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хатуу хяналт тавина. Зарим арилжааны банкуудын салбар өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Халамжийн үйлчилгээ авах иргэд банканд очихоосоо өмнө мэргэжлийн байгууллагаас цаг авах ёстой. Ингэснээр бөөгнөрөл үүсэх, дугаарлах асуудал үүсэхгүй тул иргэдийг авсан цагтаа багтаж банкаар ажиллахыг уриалж байна” гэлээ.


Мөн иргэд санал гомдлоо Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн удирдлагууд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ