Д.Нарангэрэл: Эхний ээлжинд хүн амын 20 хувийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-22 11:29:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Монгол Улс коронавирусний халдвартай иргэдээ амжилттай эмчилж байгаа. Цаашид нийт хүн амынаа дархлааг хэрхэн тогтоох вэ. Аль улсаас вакцин авахаар яриа хийж байгаа вэ?


-Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт, энгийн буюу хүн сайн унтаж амрах, агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх зэрэг. Хоёрдугаарт, вакцин. Дэлхий нийтэд 140 гаруй вакцин хөгжүүлж  байгаа. Үүнээс 10-ыг нь амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, АНУ-д 3, БНХАУ-д нэг вакциныг хийж байгаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран коронавирусний вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн бөгөөд анхны орнуудын нэг болсон. Вакцин аваад эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулна. Мөн Засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.


-Дотоодын эрдэмтэд Монгол хүний уургийн бүтцийг таних чадвар бүхий оношлуур зохион бүтээсэн тухай мэдээлэл бий. Энэ оношлуураа ашиглаж байгаа юу?

-Бид ДЭМБ-ын баталгаатай оношлуурыг хэрэглэж байгаа. Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын талаар тусгай ажлын баг гарсан.

-Дотоодын халдварын анхны тохиолдол Улаанбаатарт илэрснээс хойш олон газар голомт гарлаа. Энэ голомтууд бүгд Улаанбаатарынхаас үүдэлтэй юу?

-Улсын хэмжээнд 2 том кластер буюу багц өвчлөл байгаа. Нийслэлд коронавирусний дотоодын халдварын 40 тохиолдол байгаагаас 34 нь анхны тохиолдлын ойрын 433 хавьтал бий. Харин 6 нь төмөр замын ажилтнууд. Төмөр замын ажилтнуудын дунд энэ сарын 6-8-нд спортын тэмцээн болсон. Энэ тэмцээнд Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх төмөр замын 16 цэг, төв суурин газрын 150 гаруй ажилтан орсон байна. Үүнтэй холбоотойгоор төмөр замыг дагасан кластер бүртгэгдэж байгаа юм. Бүх голомтоос ойрын болон дам хавьтлын 10 мянга гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ