“Moderna” компани коронавирусний вакциныхаа үнийг нэрлэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-22 10:11:22

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “Moderna” компанийн бүтээсэн вакцины нэг тунг улс орнууд 25-37 ам.доллароор худалдаж авах боломжтой гэж тус компанийн тэргүүн Стефан Бансель “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


“Эрүүл мэндийн тогтолцоонд “COVID-19”-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд хэчнээн их зардал шаардагдаж байгааг харгалзан үзвэл энэ нь шударга үнэ юм” гэж Бансель мэдэгдсэн байна. Вакцины үнэ захиалгын хэмжээнээс шалтгаалан хэлбэлзэх аж. Тэрбээр мөн “Moderna” компани Брюссельтэй худалдан авах гэрээ байгуулахад ойрхон байгааг мэдээлсэн байна. ""Moderna” компани оны эцэс гэхэд 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ жил мөн Европын орнууд "багахан хэсгийг" авах боломжтой" гэж Бансель онцлон тэмдэглэжээ.


“Үнэндээ одоогоор ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа боловч бид Европын Комисстой тохиролцоонд хүрэхэд ойрхон байна. Бид Европыг хангахыг зорьж байгаа бөгөөд үр дүнтэй хэлэлцээ хийж байгаа” гэж Бансель хэлсэн байна. Түүний хэлснээр, Брюссельтэй хийж буй хэлэлцээ дуусах шатандаа явж байгаа аж.


Холбоотой мэдээ