ЦАСАНД МӨР ҮЛДЭХИЙН УЧИР

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-11-20 16:36:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


-ЭХЛЭЛ-


Энэ онд “Q art” уран зургийн галлерейд дэлгэгдсэн бүтээлүүд дундаас хамгийн их сонирхол татсан нь гэрэл зурагчин Б.Мятавын “Уулан эзэн” үзэсгэлэн байв. Тус үзэсгэлэнд нийт 70 орчим зураг дэлгэгдсэний 30-аад нь шувууд, туулай, зурам зэрэг амьтдынх бол үлдсэн 40-өөд нь Монголд нэн ховорт тооцогдох цасны ирвэсний (цасны барс ч хэмээдэг) зураг байв. Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд нар үүрийн гэгээ сүлбэж, тэнгэрт мацан өндийхөөс авхуулан үүлс цуулж, талын ургамал ногоог гижигдэн газрын хээлэнд шингэх хүртэл Б.Мятав ирвэсний зураг авах гэж бүтэн жил болжээ.


Гурван жилийн өмнө тус ууланд ирвэс буйг сонсоод гэрэл зурагч Б.Мятав нутгийн хүнээр заалгаж аваад тийш зорьсон байна. Өглөө очсон тэрээр ирвэс үүрнээсээ цухуйх мөчийг нар шингэх хүртэл тэвчээртэй хүлээсний эцэст 400 метрийн зайнаас ганцхан зураг аваад буцжээ. Нэг ч болов ирвэс үүрнээсээ гарч ирсэн нь гэрэл зурагчинд баяр баясал өгөхийн зэрэгцээ дахин зураг авах итгэл найдвар төрүүлсэн юм. Түүнээс хойш ирвэсний зураг авахаар сэтгэл шулуудаж 2019 оны наймдугаар сараас эхлэн бүтэн жилийн хугацааг зарцуулсан бөгөөд Гурвансайхан уулын тэрхүү агуйд дөрвөн ирвэс амьдарч байгааг олж мэджээ.


Дөрвөн улирал дамнаж, уран бүтээл туурвисан гэрэл зурагчин Б.Мятав энэ бүх хугацаанд 16 удаа ирвэсний зураг авахаар тус уулыг зорьсон байна. Хамгийн багадаа 7, түүнээс дээш буюу 15 хоног тус ууланд өнжих нь энүүхэнд. Тэр бүх  хугацаанд ихэнхдээ л зураг авч чадалгүй “гар хоосон” буцдаг байв. Ирвэс үр зулзагаа анд сургахаар явсан олон хоногийн аянаас эргэж ирээд үүрэндээ байх хугацаа нь таарах үед нүхнээсээ цухуйвал наранд биеэ ээж хоёр цаг гаруй хэвтдэг гэнэ. Энэ л зурагчин хүнд хамгийн таатай цаг мөч байж таарна.


-ЖАГСААЛТААС ГАРСАН НЬ-




“Цасны ирвэс” хэмээгддэг энэхүү нь амьтан нь Монголын төдийгүй Төв Азийн өндөр уулсын бэлгэ тэмдэг юм. Бие гүйцсэн цоохор ирвэсний урт нь 103-130 см, сүүлний урт нь 92-105 см байдаг. Энэхүү амьтан нь “муурын төрөл”-д багтдаг хэдий ч бусад төрлөөсөө хамгийн бага судлагдсан, нууцлаг амьдралтай нь тус ирвэс юм. Энэ нь байгалийн зохилдлоготой холбоотой. Учир нь цасны ирвэс далайн түвшнээс 3.000 метрийн өндөрт буюу хүчилтөрөгч багатай, хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож амьдардаг.


“The Journal Heredity” сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн ирвэсний судалгааны тайлангаас үзвэл дэлхий дээр 4.000-6.000 орчим төрлийн цасны ирвэс үлдээд байв. Гэтэл өнгөрсөн оны судалгаагаар 7000-8000 орчим болж өссөн ч энэ нь бага тоо юм.


Харин зэрлэг амьтдын устах эрсдлийг үнэлдэг “The International Union for Conservation of Nature” байгууллагаас гурван жилийн өмнө буюу 2017 онд цасны ирвэсийг ангилал дэвшүүлэн устаж үгүй болохын ирмэг дээр байгаа амьтдын жагсаалтаас хассан байдаг. Учир нь олон удаагийн хамгаалах төсөл хэрэгжүүлж тууштай ажилласны үр дүнд цасны ирвэсний тоо толгойн хорогдол буурсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Тэдгээр мэргэжилтнүүдийн нэг болох Том Маккарти “Устах аюултай ангилалд багтахын тулд нас биед хүрсэн ирвэсний тоо толгой 2.500 хүрэхгүй болж, хорогдол нь өндөр хувьтай байх ёстой. Гэвч тус аюул үгүй болсон” гэж тайлбарлажээ. Тийнхүү мөхлийн ирмэгт байгаа амьтдын жагсаалтаас хассан хэдий ч “эмзэг” ангилалд багтаасан бөгөөд түүнд нь сүүлийн гурван залгамж үеийн туршид тоо толгой нь хамгийн багадаа гэхэд 10 хувиар хорогдсон амьтад ордог байна.


Цасны ирвэс нь Төв Азийн 12 уулархаг бүс нутгаар цөөн тоотой амьдардаг. Тиймээс дээрх жагсаалтаас хасагдсан ч ховордсон амьтдын тоонд зүй ёсоор багтдаг. Учир нь хулгайн ан, цаг уурын өөрчлөлт, дэд бүтцийн асуудал нь цасны ирвэсийн амьдрах орчинд нөлөөлснөөр тоо толгой нь хомсдох гол шалтгаан болдог бөгөөд энэ асуудлууд бүрэн гүйцэд арилаагүй хэвээр байгаа билээ.


Харин цасны ирвэсийг дотор нь гурван дэд төрөлд хамаатуулан ангилж үздэг. Тухайлбал, хойд хэсэг буюу монгол орны Алтайн нурууных, төв хэсэг буюу Хятадын Хималайн уулс, Төвдийн өндөрлөгийнх, баруун хэсэг буюу Тянь Шань, Памирын уулсынх гэж хуваадаг байна. Цасны ирвэс нь ийнхүү Алтай, Хималай, Памирын уулсын гурван дэд төрөл болж амьдрах болсон шалтгаан нь тус томоохон уулсыг говь цөл тусгаарлаж байдгаас болсон гэж эрдэмтэд дүгнэдэг юм.


-ДОТООДОД ХАМААРАГДАХ НЬ-




Манай улсын хойд хэсэг буюу Алтайн уулархаг нутгаар 700-гаад цасны ирвэс байдаг бөгөөд бусад тархац нутагт буй ирвэсийн тоог нийлүүлбэл нийтдээ 800-1000 орчим болно. Тиймдээ ч дэлхий нийтэд бүртгэгдсэн цасны ирвэсийн 20 хувь нь Монголд бий гэж үздэг ба тус тоогоор манай улс дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ.


Монголчууд ирвэсний эрийг гэнд, эмийг нь гинс, үр төлийг нь гүем хэмээн нэрийддэг. Харин Монголын эртний хаант улсын нэг болох Түрэг хэлээр ирвэс гэдэг нь “ирбийз” буюу цасны муур гэсэн утгатай ажээ. Памирын Мургабаск мужийн Рангкуль тосгоны уугуул, Тажик хэлний багш Курбонбека нэгэн удаа “Цасны ирвэс гэдэг чинь тэр чигээрээ байгалийн дурсгал, үзэсгэлэн юм” хэмээн хэлж байсан удаатай.


Монгол орны хөхтөн амьтны “Улаан ном”-д нэн ховор зэрэглэлээр “Зэрлэг, амьтан ургамлын ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцийн |CITES| нэгдүгээр хавсралтанд цасны ирвэс орсон байдаг бөгөөд агнах нөөцгүй болсон гэж тэмдэглэгджээ. Зөвхөн тусгай зөвшөөрөл олгосны дагуу буюу судалгаа шинжилгээ, амьтны хүрээлэнд байршуулах, циркт тоглуулах зориулалтаар л барьж болох юм. Харин асуудал үүнээс олон бий.


Цасны ирвэсийг манай оронд үүлэн саарал дээрх хар толботой гоёмсог арьснаас нь болж агнахаас гадна яс нь өндөр үнэ хүрдэг байна. Мөн дорно дахины эмийн орцонд эд эрхтнийг нь ашиглах зорилгоор хууль бусаар агнадаг. Нөгөөтэйгүүр  дэд бүтцийн хөгжил, идэш тэжээл нь болох аргаль, янгир ямааны тоо толгой хорогдсоноос болж айлийн мал руу дайрах явдал цөөнгүй тохиолддог. Үүнээс болж малчид болон цасны ирвэсийн дунд зөрчил үүссэнээр малчид малаа хамгаалахын тулд хууль бусаар агнах явдал гарсаар буй юм. Гэвч нөгөө талдаа малчид ирвэсний эзэмшил нутаг руу ойртон нүүдэллэх болсон нь амьдрах орчны хязгаарлалт давхар үүсгэж буй хэрэг билээ.


Энэ талаар үлгэрлэл авч болохуйц нэгэн сонирхолтой түүх Оросын судлаач Любовь Ивашкинагийн “Торгоны зам ба ирвэс” нийтлэлд бий.


-НЭГЭН ТҮҮХ БУЮУ ХАМГААЛАЛ-




Ховд аймгийн Дарви сумын уугуул Дагвадорж хэмээх өвгөн энэ түүхийг хүүрнэжээ. Нэгэн удаа саахалт айлийнх нь гэр дээр ирвэсний зулзага гарчихсан тухтай нь аргагүй цагираглаж хэвтээд ууттай махны гадна талаас мэрж байсан гэнэ. Хүмүүс айж сандралдан гэртээ ч орж чадалгүй, сумын төв рүү хэл дуулгасан байна. Ийнхүү удирдлагууд тус айл руу очих замдаа Дагвадорж гуайг авч явжээ. Тэдний гэрт очиход гэрийн эзэн нь “Тэнгэрийн амьтан мориллоо” хэмээн бэлгэшээж том тэвшинд хэсэг мах, мөн ёроолд нь сүү асгаж бэлдсэн байсан гэдэг. Гэр дээрээс зулзагыг цаламдаж тэвш рүү буулгахад махыг нь амтархан идчихээд, сүүнээс долоожээ. Дараа нь хоёр уут дүүрэн мах бэлдэж, зулзагыг ууланд нь аваачиж тавьсан байна. Түүнээс хойш нас биед хүрсэн цасны ирвэс бусдыгаа дагуулан мах идэхээр хавцлаас бууж ирдэг байсан бөгөөд цадаж аваад ууландаа гардаг байв. Миний л мэдэхээр тэр айлийн мал сүрэг улам бүр өсөж арвижсан юм хэмээн өвгөн Дагвадорж өөрийн нүдээр үзэж харсан, гар бие оролцож явсан түүхээ хүүрнэн өгүүлсэн байдаг.


Ер нь эрт цагаас монголчуудын өвөг дээдэс “Ирвэсэнд өш зангидаж болохгүй” гэж үздэг байжээ.


Сүүлийн 16 жилийн дотор амьдрах орчны доройтол, нутгийн иргэд болон ирвэс хоорондын зөрчил, хулгайн ан зэрэг нь цасны ирвэс устаж үгүй болоход нөлөөлж буй. Тиймээс ч “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Манайд 2008 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосон бумбын нуруунд 23 цасны ирвэс барьж орчин үеийн судалгааны арга техник бүхий GPS дээр суурилсан сансрын хиймэл дагуулын хүзүүвч зүүн, ирвэсний экологийн зарим асуудлууд болох эзэмшил нутаг, гүемийн амьд үлдэх чадвар, шилжилт хөдөлгөөн, байгаль дахь төрөлт зэргийг нарийвчлан судалж тодорхой үр дүнд хүрч чадсан билээ. Харин тус амьтны талаарх урьдчилсан судалгааг бүр 1998 оноос хийж эхэлсэн байдаг.


Энэ үеэс хамгаалалын ажил эхэлж 1995 оны ан агнуурын тухай хуулиар нэн ховор зүйлийн жагсаалтанд оруулахаас гадна Монгол Улсын амьтны аймгийн тухай хуулийн 7.1-д зааснаар 2000 онд нэн ховор зэрэглэлд мөн оруулж “Улаан ном”-ын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр тус тус бүртгэн авчээ.

Монголд буй цасны ирвэсийн тархацын нийт талбайг 103.000 км2 хэмээн тогтоосон байдаг. Алтайн өвөр говийн төв болон Говь-Алтайн хойд хэсгээр нягтаршил ихтэй байдгаас гадна Хөвсгөл болон Хангайн нуруунд цөөвтөр тохиолддог байна.


Өдгөө цасны ирвэсийн эд эрхтэн, яс болон арьсыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг таслан зогсоохын тулд гаалийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн ирвэс тархсан газар нутгийн хэмжээнд хууль бус ан агнууртай тэмцэх нэгж, эргүүлийн баг нэмж бүрдүүлэхэд Засгийн газар, хууль сахиулах байгууллагаас хөрөнгө мөнгөний дэмжлэг, тусламж үзүүлэх нь нэн түрүүнд авах арга хэмжээ гэж судлаачид дүгнэж байна. Түүнчлэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар тархсан популяцийн төлөв байдлыг тогтоож, тархац нутагт нь мал бэлчээрлэх асуудлыг шийдвэрлэхийн тулд нарийн “механизм” боловсруулан ажиллах нь цасны ирвэсийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм.


-ТОД МӨР-




Одоо харин нийтлэл эхэлсэн тэр цэгт эргээд очъё. Гэрэл зурагчин Б.Мятав цасны ирвэсийн зураг авахаар явахдаа юмыг яаж мэдэх вэ хэмээн ганц нэг урт мод барин уул өөд мацна. Бүр болохгүй бол түүгээрээ ирвэсийг үргээнэ. Түүнээс бол “Айлгаж, цочоох санаа огт агуулж байсангүй” гэлээ. Тэгээд ч бүтэн жилийн хугацаанд зураг авахаар хөөцөлдөж явсан түүн рүү ирвэс дайрсан тохиолдол нэг ч удаа гараагүй гэнэ.


Гэрэл зурагчин Б.Мятав цасны ирвэсийн зураг авахад “Өөрийн дур сонирхлоороо явсан” хэмээн өгүүлж байлаа. Түүнээс бус аливаа нэг компани, бизнес эрхлэгчид санхүүжүүлж дэмжсэн нь үгүй. Ховордсон амьтдын зураг авах тэр л сонирхлынх нь цаана цасны ирвэсийн нууцлаг амьдралынх нь түүхийг сонирхож, мэдээ мэдээлэл уншиж, хайрлан хамгаалах сэдлийг хүмүүс аваасай гэсэн чин хүсэл эрмэлзэж нуугдаж байсан нь мэдээж.


Францын нэрт байгаль судлаач Гүн Де Бюффон 1761 онд бүтээсэн “Байгалийн түүх” номондоо анх удаа цасны ирвэсийн тухай дурдаж таван хуудас бичвэр нийтэлсэн байдаг. Хожим нь шинжлэх ухааны нэршилд “Uncia uncia” нэрээр Германы эрдэмтэн Шребер 1775 онд оруулжээ.




Цасны ирвэс нь зуны эхэн сард төллөдөг бөгөөд дөнгөж төрсөн гүемийн биеийн урт нь 25 см, сүүл 15 см, жин нь 500 гр байна. Төрснөөс хойш долоо хоногийн дараа гүем нүдээ нээдэг бөгөөд зуны улирал нь цасны ирвэсний хувьд үр зулзагаа өсгөн бойжуулж, ан авд сургах хамгийн хариуцлагатай үе юм. Өвлийн 35-аас хасах 40 хэм, түүнээс ч дээш хүйтнийг тэсвэрлэх чадвартайн дээр өргөн том тавхай нь цасан дээгүүр түвэггүй явахад зохицсон байдаг. Мөн сарвууны салаа хоорондын үс нь хөлийг дулаацуулан хөлдөхөөс сэргийлж өгнө. Цасны ирвэс нь устаж үгүй болвол монгол оронд нутаглаж буй нэн ховор төрлийн амьтдын содон зүйл мөхөхөөс гадна байгалийн эко системд ч муу үр нөлөө үзүүлнэ.


Тоочин өгүүлэхэд хэмжээ хязгаар гэж байдаг. Харин цаст өндөр уулын эзэн болсон энэхүү амьтны мөр цасан дээр зурайн үлдэхийн учир хайрлан хамгаалах сэдлийг хүн бүхэнд ойлгуулах, өсгөн үржүүлэхэд анхаарал тавих хүмүүсийн үйлдэлд хязгаар гэж үгүй билээ. 


ГЭРЭЛ ЗУРГИЙГ | Б.ЧАДРААБАЛ

Холбоотой мэдээ