"COVID-19"-ийн шинжилгээнд 8900 төмөр замчныг хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-20 13:13:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын хэмжээнд 15.6 мянган төмөр замчинд "COVID-19"-ийн шинжилгээ хийх судалгаа гаргаснаас одоогоор 8900 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна. Энэ талаар УБТЗ-д ажиллаж буй Шуурхай бүлгийн өнөөдрийн цахим хуралдаанаар хэлэлцсэн тухай ЗТХЯ-наас мэдээллээ. 


"COVID-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УБТЗ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Шуурхай бүлэг төмөр замд ажиллаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар "COVID-19" халдварын хөл хорио тогтоосноос хойш төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрч буй эсэхийг хэлэлцэн, өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн халдварт өвчний 2000 оношлуур дуусаж, нэмж 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа тухай хэлэлцлээ. 


Хурлаар УОК-ын шийдвэрээр ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж буйг мэдээлж, "COVID-19" халдварын шинжилгээ өгөх болон шинжилгээний хариу хүлээн 238 хүн тусгаарлах ажиглалтад байгааг мөн мэдээллээ. Ажиглалтад байгаа хүмүүсээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой ээлжийн 180 ажилчны ажлыг орлон гүйцэтгэх хүний нөөцийг зохион байгуулж шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийг тасралтгүй зохион байгуулах талаар хэлэлцлээ. 




Бүлгийг ахалж буй ЗТХ-ийн сайд Л.Халтар богино хугацаанд, үр дүнтэй ажиллаж буй шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг өгөв. Үүнд: 

  • УБТЗ-ын хилийн ачаа тээвэр, техникийн агентын ажилтнуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, (энэ талаар Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих), 
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийхэд Төмөр замын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Хүнс болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжид анхаарах, 
  • Замын-Үүд дэх төмөр замын агентын ажилтнуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө. 







Холбоотой мэдээ