Бүрэн сийлбэртэй гэрээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 16:06:29

Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн иргэн, “Бүтээлийн далай” компанийн захирал С.Түмэндэмбэрэл “Монгол туургатан” нэртэйгээр иж бүрэн сийлбэртэй, бүрэн тавилгатай хоёр гэр барьж үзэсгэлэн гаргалаа.

Уг үзэсгэлэнгээр монгол туургатны ёс заншил, өв уламжлалыг сэргээн харуулах, хөгжүүлэх, мартагдаж байгаа эд өлгийн зүйлсийг эргэн сануулах, ард түмэндээ уламжлуулан үлдээх зорилго агуулжээ. Энэ нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд анхны үзэсгэлэнгээ иж бүрэн сийлбэртэй байрны тавилгаар гаргаж байжээ.

С.Түмэндэмбэрэл нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, сийлбэрч мэргэжлээр төгссөн бөгөөд 2007 оноос эхлэн сийлбэр хийсэн аж. Түүний аав Т.Сайнбилэг мөн сийлбэрч бөгөөд үе дамжсан уран гартнууд байна.

“Өвөг эцэг Очир маань гэрийн модон эдлэл, цацал, модон суулга, бүрхээл зэрэг зүйлийг хийдэг байсан. Би дөрөв дэх үеийн сийлбэрч бөгөөд манайхан удмаараа гарын ураараа амьдарч, аж төрж, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээн уламжлуулж яваа хүмүүс” хэмээн сийлбэрч С.Түмэндэмбэрэл онцолсон юм.

Иж бүрэн сийлбэртэй гэрийг жилийн хугацаанд сийлдэг бөгөөд маш нарийн ажиллагаа, ур авьяас шаарддаг байна. Ийм гэрийг тавилгатай нь хамт 32 сая, тавилгагүй бол 30 саяар зардаг байна. Сийлбэрч С.Түмэндэмбэрэлээр улсын аварга А.Сүхбат, дуучин С.Жавхлан нар болон УИХ-ын зарим гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүс бүрэн сийлбэртэй гэр хийлгэж авсан байна. Гэрийн бүрээс, гудас ширдэг, цаваг хөшиг, хөхүүр архад гэх мэт зүйлсийг түүний ээж болон бусад ажилчид оёж шиддэг байна.

   Улаангомд иж бүрэн сийлбэртэй монгол гэрийн үзэсгэлэн өмнө нь гарч байгаагүй болохоор Гиваан баатарын талбай дээр гурван өдрийн турш гарсан энэхүү үзэсгэлэнг хүмүүс маш их сонирхон үзэж байсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ