Батаарын эх нутаг Нэмэгтийн хонгил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-19 10:19:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэгт уулын байгалийн өвөрмөц тогтцыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 60 км, аймгийн төвөөс 320 км зайд орших, есөн гайхамшгийн нэг, аймгийн нутаг дэвсгэрийн баруун хэсгийн хамгийн өндөр уулсын нэг бол Нэмэгт уул юм. Энэхүү уул нь далайн түвшнээс дээш 2769 м өргөгдсөн. Баянзагтай адил улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг өвөрмөц дүр төрхтэй байдаг.  Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ.

Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг. Он цагийн аясаар элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар харагдана. Эндээс 1946 онд Оросын нэрт зохиолч, эрдэмтэн, судлаач И.А.Ефремовын удирдсан Орос-Монголын хамтарсан судалгааны анги ирж анхны, хамгийн том, дөрвөн хөлт, өвсөн тэжээлт 30 метр үлэг гүрвэлийг олж Нэмэгт уулын нэрийг оролцуулан Нэмэгтзаурус (Nemegtosaurus) хэмээн нэрлэжээ. Нэмэгтзаурус нь Дунд төрмөлийн эринд одоогоос 250 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт Зауроподын төрөл ажээ. Энэхүү олдвороос хойш Монгол, Орос, Польшийн олон удаагийн экспедицүүд энэ орчинд ажиллаж эртний амьтан ургамал, үлэг гүрвэлийн маш олон олдворыг нээн илрүүлсэн нь эдүгээ Орос, Европын болон  Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна.


Мөн Америкийн байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэнгийн захирал М.Новачекээр удирдуулсан судалгааны анги ирж судалгаа явуулах болсон. Тэд Нэмэгтээс зүүн тийш 30 орчим км зайд орших Гурвантэс, Сэврэй сумын нутгийн зааг Ухаа толгодоос олон сонирхолтой олдворыг олсны нэг нь үүрэн дэх өндгөө даран суусан Овираптор (Oviraptor) хэмээх өнөөгийн шувууны өвөг дээдэс болох гүрвэлийн хэд хэдэн олдвор олжээ.

1923 онд Рой Чепмэн Эндрюсийн шинжилгээний анги Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагаас Овирапторийн анхны олдворыг Протоцератопс (Protoseratops)-ийн үүрний хажуугаас олж түүнд “өндөгний хулгайч” хэмээх нэр өгсөн ажээ. Тэр цагаас хойш палеонтологийн шинжлэх ухаанд 70 жил “өндөгний хулгайч” нэртэй явсан Овирапторын нэр өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм.

2012 онд Америкийн Нью-Йоркийн “Херитейж Аукшин” дуудлага худалдааны төвд Монголын говиос хууль бусаар гарсан байсан Тринозавр Батаар (Tyrannosaurus Bataar) гүрвэлийг худалдаалах гэж байсан нь шуугиан дэгдээсэн бөгөөд тэрхүү олдвор нь Нэмэгтийн хөндийгөөс олдсон болох нь батлагдаж дуудлага худалдааг цуцалсан юм. Улмаар энэхүү үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэн өгсөн билээ. Энэхүү Тринозавр Батаар гүрвэлийг Канадын иргэн, Альбертийн их сургуулийн доктор профессор, палеонтологич Филипп Кари, (Монголд олон удаа ирж Нэмэгтийн орчинд судалгаа хийж байсан бөгөөд монголчууд түүнийг Фил гэж дууддаг) түүний эхнэр Эва Копелус, Америкийн Байгалийн түүхийн музейн палеонтологич М.Норрел, Монголын талаас палеонтологич М.Болорцэцэг нар судлан үзээд Монгол орноос тэр дундаа Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс авсан байна гэдгийг хөдөлгөөнгүй тогтоожээ. Харин “Батаар” гэсэн нэр нь монгол хэлний “баатар” гэсэн үг болохыг Монголын нэрт палеонтологич, доктор Р.Барсболд нотолсон байдаг.

Холбоотой мэдээ