УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг даалгавар өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-17 20:03:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагуудтай цахимаар уулзаж, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсож, үүрэг өглөө.


Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нарын зэрэг хүн оролцлоо.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.


Тэрбээр өмнө нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөхөд бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна гэлээ.


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, "Зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой бодлого биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй" гэлээ.


УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой бодлого шаардлагатай байна гэсэн санал хэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын багийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ