Нийслэлийн голомт дахь батлагдсан тохиолдол 7 болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-14 12:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өнөөдөр хийсэн ээлжит мэдээллээр өчигдөр 11 дүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнээс халдвар илрээд байна. Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 416 болж байна. 

Коронавируст халдварын талаарх ХӨСҮТ-ийн мэдээллийг тус төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 11 дүгээр сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийтдээ 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3 хүний шинжилгээнд "COVID-19" илэрсэн гэв. 

Тусгай үүргийн онгоцоор Өмнөд Судан улсаас энэ сарын 2-нд ирсэн 121 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд ажиллаж буй 3 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор хийсэн 22 хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарласан 3 хүний шинжилгээ, батлан хамгаалахын 64 алба хаагч болон ХӨСҮТ-ийн 45 эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 

Харин ХӨСҮТ-ийн тусгаарлалтад буй 2 эмч, ажилтны шинжилгээгээр халдвар илрээд байна. Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа өвчлөлийн голомтод ойрын хавьтлын 140 хүнийг шинжлэхэд энд давтан шинжилгээгээр нэг хүнд коронавирус илрээд байна. Энэ нь 4 настай хүүхэд байна. Хоёрдогч хавьтлын 2700 хүнийг илрүүлж, 646 хүнийг шинжлэхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна. Тухайн буюу нийслэл дэх голомт дахь батлагдсан тохиолдол 7 боллоо. Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. 


Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ. Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлоос эдгэрсэн 328 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн гарч, ажиглалт руу шилжсэн. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 450 гаруй эмч мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ