Трамп Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудад хязгаарлалт тогтоожээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-13 09:43:23

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн тус улсын иргэд компаниудад БНХАУ-ын цэргийнхэнтэй холбоотой компаниудын үнэт цаасыг худалдан авахыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ.


Энэхүү зарлиг нь "Хятадын коммунист цэргийн компаниуд", тэдгээрийн хувьцаа, бонд болон бусад үнэт цаастай холбоотой гэж текстэд дурдсан байна.


“БНХАУ Зэвсэгт хүчин, тагнуул, тусгай албадынхаа хэрэгслийг хөгжүүлэх, шинэчлэхэд туслах зорилгоор Америкийн хөрөнгийг улам их ашиглаж байна. Энэ нь БНХАУ-д үйл олноор хөнөөх зэвсэг, уламжлалт дэвшилтэт зэвсэг бүтээх, АНУ болон тус улсын ард түмний эсрэг хорлонтой кибер халдлага үйлдэх зэргээр АНУ-ын нутаг дэвсгэрт төдийгүй хилийн чанд дахь АНУ-ын хүчнүүдэд шууд заналхийлэх боломжийг олгож байна” гэж зарлигт тэмдэглэжээ.


Трампын мэдэгдсэнээр, Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниуд хөрөнгө мөнгө цуглуулж байгаа бөгөөд тэр дундаа Америкийн хөрөнгө оруулагчдын мөнгийг цуглуулж, хувьцаагаа хөрөнгийн биржийн индекст оруулах хүсэлт гаргаж байна. Энэ мөнгө дараа нь  Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолбор руу явж байна гэж Трамп мэдэгдсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч мөн энэ асуудалтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдэд хориг арга хэмжээ авах боломжийг олгож, онцгой байдал зарлажээ.


Үнэт цаасыг нь худалдах, худалдан авахыг хориглосон компаниудын жагсаалтыг хараахан батлаагүй байна.


Холбоотой мэдээ