Булган аймагт орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 16.00 цагаас эхлэн дөрөв хоног зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-12 13:17:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Тус аймагт орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг өнөөдрийн 16.00 цагаас эхлэн энэ сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоож, аймаг, сум дотор зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, сумын Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгожээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор “Хязгаарлалт  тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт”-д багтсанаас бусад төрийн байгууллагын удирдлагуудад хариуцлагатай жижүүр томилж, байгууллагын аюулгүй байдлыг сахих, жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ