Арменийн сөрөг хүчин шинэ жагсаал хийхээр төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-12 10:52:03

ЕРЕВАН. /TASS/. Арменийн сөрөг хүчин пүрэв гаргийн 17:00 цагт Ереван хотод Ерөнхий сайд Никол Пашиняныг огцруулахыг шаардан жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сөрөг хүчний төлөөлөгчид онлайн нэвтрүүлгийн үеэр мэдэгдэв.


“Бидний хууль ёсны шаардлагад эрх баригчид хэлмэгдүүлэлтээр хариу өгсөн. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдыг хүчнийхэн баривчилсан. Эх орондоо хайхрамжгүй ханддаггүй хүн бүхэн 17:00 цагт жагсаалд хүрэлцэн ирээрэй. Бидний шаардлага бол Пашиняныг огцруулах юм. Гэхдээ бид Армен дахь улс төрийн хоригдлуудын эрх чөлөөний төлөө бас тэмцэнэ” гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ.


Арменийн улс төрийн 17 нам өмнө нь Ереваны төвд Уулын Карабахад байлдааны ажиллагааг зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан Пашиняныг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан байна. Тэд мөн Ерөнхий сайдыг огцруулах, Карабахын асуудлаарх хэлэлцээрээс Арменийг гаргах асуудлыг хэлэлцэхээр парламентын ээлжит бус чуулганы хуралдааныг зарлан хуралдуулахыг оролдсон юм. Гэвч эрх баригч намын депутатуудгүй парламентын зөвлөл хурлыг хүчинтэй болгох гишүүдийн хамгийн бага ирц бүрдээгүй тул ийм шийдвэр гаргаж чадаагүй байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны төрийн тэргүүн Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар 11 дүгээр сарын 9-нд Уулын Карабахад байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.


Мягмар гарагт Арменийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид гурван улсын удирдагчдын тохиролцоог дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдээд, улс орны байдлыг тогтворгүй болгох үйл ажиллагаанаас татгалзахыг арменичуудад уриалсан байна. Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян мөн Карабахын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр улс төрийн зөвлөлдөх уулзалт эхэлснийг мэдэгджээ.


Холбоотой мэдээ