Бүх шатны боловсролын байгууллагын болон олон нийтийн үйл ажиллагааг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-11 11:31:32

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 07.30 цагт яаралтайгаар хуралдаж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамж гарлаа.

Захирамжид "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг, мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, интернэт тоглоом, баар, караокены үйл ажиллагааг түр зогсоолоо.

Төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, бэлэн байдлыг хангаж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгож, энэ хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна.

Хориглосон өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ажлын хэсэгт хүргүүлж хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга болон Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.  

Холбоотой мэдээ