Ивээн тэтгэгч, онцгой гишүүдийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-11 14:24:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны ивээн тэтгэгч, онцгой гишүүдийн уулзалт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Жил бүр дээрх гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд 15 дахь жилдээ зохион байгуулсан уг хүлээн авалтад 200 орчим онцгой гишүүн, өсвөрийн улаан загалмайчид оролцлоо.

Жилдээ нэг удаа уулзалдаж хүмүүнлэгийн үйлсийн цар хүрээг тэлж байдаг онцгой гишүүдийн уулзалтын үеэр нэр бүхий иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болсон юм.

Тодруулбал МУЗН-ийн “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч” одонгоор Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Санхүү албаны дарга Ц.Ууганбаяр, МУЗН-ийн “Тусч хүүхэд” тэмдгээр 15 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Ванчинхүү нар шагнуулсан бол “Хүмүүнлэг гэр бүл” өргөмжлөлөөр таван гэр бүл, МУЗН-ийн ивээн тэтгэгч, онцгой гишүүний “Мөнгөн” өргөмжлөлөөр зургаан иргэн, “Нигүүлсэл” алтан медалиар гурав, “Нигүүлсэл” мөнгөн медалиар 26 гишүүн шагнууллаа. Мөн энэ өдөр ивээн тэтгэгч, онцгой гишүүнээр 25 иргэн элссэн байна. 

Аймгийн Улаан загалмайн хорооны энэ жилийн үйл ажиллагаанаас товчхон дурдвал, Нийт 7000 гаруй гишүүн, дэмжигчтэй бөгөөд иргэдийн эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, авлагагүй цусны донорыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулж, сэтгэл зүйн болон эд материалын тусламж үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын идэвхтнүүдийн хамт жилд 40.000 гаруй хүнд хүмүүнлэгийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна.

Дээрх уулзалтад ирсэн ивээн тэтгэгч, онцгой гишүүдийн дэмжлэгтэйгээр дэлхий нийтийн хамарсан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон улсын Улаан загалмайн холбооноос 74 сая төгрөггийн ариун цэврийн багц, хүнс, ХААН банктай хамтран мөнгөн тусламжийг аймгийн ЭМГ, Онцгой комисст хүлээлгэн өгсөнд аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат онцлон нийт гишүүдэд баяр хүргэсэн юм.


 

Холбоотой мэдээ