“Төрд зүтгэсэн он жилүүд” номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 12:51:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад, дунд үеийн төлөөллийн туршлага, арга барилын тухай “Төрд зүтгэсэн он жилүүд” номын нээлт Булган суманд боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас эрхлэн хэвлүүлсэн уг номд аймгийнхаа хөгжлийн төлөө хичээл зүтгэл, мэдлэг оюунаа зориулсан аймгийн дарга А.Равжир, М.Гөлгөө, Г.Бадарч, Л.Жавзмаа, ЗДТГ-ын дарга Ц.Бадрал нарын аймгийн болоод сум, агентлагийн удирдлага 52 хүний арга барил, туршлага, амьдралын түүх, дурсамжийг төрийн албан хаагчдад гарын авлага болгох, өвлүүлэн үлдээх зорилгоор нийтэлсэн байна.

Уг номыг бүтээгчдийн нэг аймгийн төр захиргааны ахмад ажилтан П.Дамба:

-Төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байсан хүмүүсийн тухай хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээнэ гэдэг хамгийн сайхан санаачилга. Гэхдээ номын бүтээгч бидэнд багагүй бэрхшээл тулгарсан. Хүний ажлын арга барилыг бичиж туурвина гэдэг мэргэжлийн хүмүүсийн хийх ажил гэдэг харагдсан. Хүн бүхэнд ямар нэгэн онцлог чадвар бий. Тэр нь төрийн алба хашихад яаж нөлөөлж, нийгэмдээ үр бүтээл гаргаж байгааг харуулахыг их хичээсэн. Төрийн алба болоод аливаа ажлыг хариуцахад энэ ном ямар нэгэн сэжмээр нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.   

“Төрд зүтгэсэн он жилүүд” номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, төр, захиргааны ахмад ажилтан Х.Сэндэнсүрэн, Ц.Дагвадаш, Ц.Энхбат, Н.Очиржав нарын хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ