Төв аймгийн хэмжээнд 1200 орчим иргэн галт зэвсэг эзэмшдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-05 16:48:35

Төв /МОНЦАМЭ/. Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Төв аймгийн хэмжээнд 1200 орчим иргэн галт зэвсэг эзэмшдэг бөгөөд иргэд жил бүр галт зэвсгийн тооллогод хамрагддаг. Өнөөдрийн байдлаар галт зэвсгийн бүртгэл тооллогын ажил 10 орчим хувьтай байна. Мөн шинээр галт зэвсэг худалдаж аваад бүртгүүлж чадаагүй болон иргэдийн гар дээр бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсэг байгаа бол бүртгүүлж гэрчилгээжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн иргэдийн дунд түгээмэл байдаг асуудал бол галт зэвсэг эзэмших гээд хэрхэн эзэмшихээ мэдэхгүй тохиолдол их бий. Тиймээс шинээр галт зэвсэг эзэмших гэж байгаа бол эрх олгодог сургалтад сууж гэрчилгээ авснаар галт зэвсэг эзэмших эрхтэй болдог гэдгийг Төв аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Доржбалжид онцоллоо.

Иймд байгууллага, иргэд, та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ заасан хугацаанд аймгийн Цагдаагийн газрын 106 тоот өрөө, харьяа сумдын хэсгийн төлөөлөгчдийн албан өрөөнд ирж бүртгүүлж хуулиар олгосон үүргээ биелүүлэхийг уриалж байна. Хэрэв галт зэвсэг бүртгэлгүй байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40 мянга, аж ахуйн нэгжийг 400 мянган төгрөгөөр торгох гэнэ.

  

Холбоотой мэдээ