ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Португалийн Ассамблейн гишүүн Дуарте Пачеког сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-04 07:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдааны гурав дахь өдрийн хурлаар тус холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгожээ. Гурав дахь өдрийн хуралдаан Улаанбаатарын цагаар өчигдөр 21.15 цагт эхэлсэн юм.


Дэлхийн 179 улс орнуудын парламентаас бүрдсэн ОУПХ-ны 30 дахь ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Португал Улсын Ассамблей (Парламент)-н гишүүн ноён Дуартэ Пачеко сонгожээ. Тэрбээр 1991 оноос хойш парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд төсөв, санхүү, гадаад харилцаа, олон нийт зэрэг асуудлаарх хороодын гишүүнээр ажиллаж байсан юм. 


ОУПХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуартэ Пачеко хэлсэн үгэндээ “ОУПХ бол илүү эрх тэгш, хүмүүнлэг, уялдаа холбоотой, энх тайван, чанар сайтай хүрээлэн буй орчинтой дэлхий ертөнцийг бүх хүн төрөлхтний төлөө бий болгох амжилтын зорилгод хүрэх талбар. Мөн дэлхий нийтэд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг эв нэгдэлтэйгээр шийдвэрлэх хамгийн тохиромжтой яриа хэлэлцээний талбар гэж би үзэж байна” гэв.


Мөн тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр Латин Америк, Карибын бүлгийг төлөөлөгчөөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Беатрис Аргимон, “12+” бүлгийг төлөөлөгчөөр Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн Лауренс Фэхлманн Райлл нарыг сонгожээ.


Уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар  оролцлоо.


Сүүлийн 25 жилийн хугацаанд ОУПХ-ны Ерөнхийлөгчийг Египет, Испани, Энэтхэг, Чили, Итали, Намиби, Марокко, Бангладеш, Мексикийн нэр бүхий парламентчид удирдаж байв.

Холбоотой мэдээ