Баян-Өлгий аймагт гурилын үнэ 7 хувиар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-03 16:22:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гурилын үнэ 7 орчим хувиар нэмэгдээд байна.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн 7 хоногт Ах дам, Тирлик захад 1 шуудай буюу 50 кг нэгдүгээр гурилыг 58 мянган төгрөгөөр худалдаж байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээс 62 мянган төгрөгөөр борлуулж эхлээд байна.

Гурилын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид үнийн өсөлтийг «бөөний үнээр зардаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэн» хэмээн тайлбарлав.

Харин ард иргэд «баруун аймгуудыг шатахуунаар хангадаг Цагааннуур боомтыг энэ сарын 2-ны өдрөөс түр хаасныг далимдуулж худалдаа эрхлэгчид барааны үнийг хөөрөгдүүлж байна. Зөвхөн гурил биш, малын тэжээл, ургамлын тос зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ давхар өссөн» хэмээн бухимдаж байгаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг хариуцсан улсын байцаагчийн үүргийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга хариуцсан ажилладаг байсан. Гэвч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон тул одоо үнийн хөөрөгдлийн асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагч хариуцдаг болсон гэдэг мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өгөв.

Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг далимдуулж бараа, үйлчилгээний үнийг нэмсэн асуудал илэрвэл иргэд аймгийн Онцгой байдлын газарт, эсвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 115 хэрэглэгчийн утас руу залгаж мэдэгдэх боломжтой ажээ.

   

Холбоотой мэдээ