ОХУ-ын сэтгүүлчдийн айлчлал амжилттай өндөрлөв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-05-24 17:01:26

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид Монгол Улсад 5 дугаар сарын 16-21-ний өдөр айлчиллаа.

Төлөөлөгчид Улаанбаатарт газардсан даруйдаа ГХЯ,  МСНЭ-ээс хамтран зохион байгуулж буй “Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум”-д оролцсон.

Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, МОНЦАМЭ агентлагийн захирал асан Ч.Эрдэнэ, МУИС-ийн багш, Сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба,  ВГТРК-Буриад салбарын Мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Жигжитова Светлана Борисовна, Эрхүү дэх салбарын орлогч дарга Ринчинова Ольга Геннадьевна нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Форумд монголын талаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНЦАМЭ агентлаг, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд зэрэг 50 гаруй төлөөлөгчид оролцож, хоёр талын хэвлэл мэдээллийн салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мэдээлэл, нэвтрүүлэг, сэтгүүлчид харилцан солилцох зэрэг хамтын ажиллагааны цаашдын зорилтоо ярилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оросын сэтгүүлчдийг 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, өглөөний цай хамт уун, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүмүүс хоорондын харилцааны талаар санал солилцож, тэдний  сонирхсон асуултад хариулав.

Мөн өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчидтэй уулзаж, гадаад бодлого, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариуллаа.

Сэтгүүлчдийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд, Л.Болд нар хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, ирээдүйн чиг хандлага, ОХУ-д монголын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох, дамжин өнгөрөх тээврийн тариф зэрэг сэтгүүлчдийн сонирхсон сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Айлчлалын хүрээнд “Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” сэдэвт уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулав. Уулзалтад ХХААЯ, УУЯ, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Уул уурхайн ассоциаци зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Мөн сэтгүүлчид Монгол-Оросын хамтарсан сургуульд зочлон тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчидтай уулзан, авьяаслаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Энэ үеэр ВГТРК-ийн Калуга салбарын захирал Төлөөлөгчдийн тэргүүн А.А.Барков “Монголын боловсролын салбар маш амжилттай хөгжиж буйг танай сургууль бидэнд харуулж чадлаа. Миний хувьд эргээд сурагч болж, танай сургуульд суралцмаар санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

ОХУ-ын сэтгүүлчид монголын соёл урлагийн салбарын төлөөллүүдтэй чөлөөт уулзалт хийж, Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу Толгой ХХК, NTV телевизийн байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

ОХУ-ын сэтгүүлчдийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, тэргүүлэгч салбаруудын амжилтыг оросын олон нийтэд хүргэх, хоёр орны ард түмний уламжлалт найрамдалт харилцааг бататган гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Холбоотой мэдээ