Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Төв аймгийн цэргийн байгууллагуудад ажиллалаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-30 11:58:39


Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 29-ний өдөр Төв аймгийн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид ажиллалаа. 

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаны хүмүүс ажилласан юм. 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эхлээд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажилласан бөгөөд тус нэгтгэлийн хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авав. Үүний дараа нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба нэгтгэлийн үүх түүх, ололт амжилт, бүтэц орон тоо, энхийг сахиулах болон төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэ бүтээл, оновчтой санал зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм.

Танилцуулгын дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр   цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын байр, Соёлын төв, зэвсэглэл, цэргийн техникийг үзсэн. Тэрээр 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчидтай уулзахдаа цэргийн албаны талаарх анхны сэтгэгдлийг сонсож, ямар сургууль төгссөн, ирээдүйн зорилго, төлөвлөгөөг нь сонсоод цэргийн жинхэнэ албаа хаахаар хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийллээ. Мөн рот болон салааны захирагч нарт нь хандан "Цэргийн анхны дарга гэдэг маш их чухал үүрэгтэй. Та гарааг нь хэрхэн тавьж өгнө, тэр жимээр таны дайчид явна. Тэгэхээр цэргийн албаны зөв хандлагыг төлөвшүүлэхээс гадна эр хүн байх, зорилго дүүрэн залуу болох алхмыг нь тэгш дүүрэн тавьж өгөөрэй. Миний хувьд анхны салааны захирагч хийж байсан тэр сайхан үеэ одоо ч гэсэн үргэлж санаж явдаг юм" гэв. Үүний дараа тус нэгтгэлийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм.

Холбоотой мэдээ