XX зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг гэрэл зургаар харуулав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-29 12:43:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 381 жилийн ойг тохиолдуулан “Монгол орон ба монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейд өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнг Олон улсын монгол судлалын холбооноос санаачлан “Гэрэл зураг дахь монголчуудын түүх” цувралын хүрээнд 1921-1936 онд Монголд амьдарч, ажиллаж байсан Дани улсын иргэдийн авсан гэрэл зургуудаас дээжлэн  60 гэрэл зураг дэлгэжээ.


Дани улсын Үндэсний музейн сан хөмрөгт 1910-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Монголд /Өргөө буюу өнөөгийн нийслэл Улаанбаатар/ хүрэлцэн ирсэн Албертсены гэрэл зураг хадгалагдаж буй юм. Мөн 1920-иод онд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд суурьшин амьдарч байсан даничуудын авсан гэрэл зураг, тэмдэглэл зэрэг байдаг аж.  

Тус үзэсгэлэнгээс Данийн утсан хорооны мэргэжилтэн Албертсен, Булган талд амьдарч байсан Карл Кребс, Лена Тайдманд нарын авсан тухайн үеийн  монголчуудын амьдрал, сүм хийд, баяр наадам, ан агнуур, ан амьтан, түүхэн бие хүмүүс, малчдын өдөр тутмын амьдралыг харуулсан гэрэл зургийг үзэх боломжтой.


“Энэхүү үзэсгэлэн даничууд Монголын тал нутагт уулзсан анхны уулзалт, Эндрюсийн тэмээн жингийн цуваа Хятадаас ирж байгаа нь, Ленагийн хөршүүдийн нэгэнд зориулан гэрт “ном” уншиж байгаа хоёр лам, Туул голыг мориор гаталсан нь зэрэг XX зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, жирийн ард олны өдөр тутмын амьдралын хэв маяг, шашин, сүм хийдийн байдал зэргийг харуулснаараа онцлогтой хэмээн Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр тодотгов.

Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 10-ныг хүртэл нээлттэй байх бөгөөд өмнө нь 9 дүгээр сард Монголын Уран зургийн галерейд дэлгэж байв.


Холбоотой мэдээ