Мэдээлэл олж авах эрхийн чанараар Монгол 21 дүгээр байрт оржээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-28 14:28:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг олон улсад тэмдэглэж байна. Анх НҮБ-ын ЮНЕСКО-гийн ерөнхий Бага хурлын чуулганаар олон улсын энэ өдрийг жил бүрийн  9 дүгээр сарын 28-нд тэмдэглэж байхаар 2015 онд тогтож улмаар 2019 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас мэдээллийн хүртээмжийн дэлхий нийтийн ач холбогдлыг үнэлж, энэ өдрийг НҮБ-ын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэ онд дэлхий нийтэд тархаад буй "COVID-19" цар тахлаас болж энэ өдрийг сар дамжин тэмдэглэж байгаа аж. 

Манай улсад Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг 2011 онд батлан гаргасан. Төрийн мэдээллийг олж авах эрхийг баталгаажуулсан ийм төрлийн хуультай 70 улс оронтой харьцуулж үзэхэд манай улс энэ талын хуулийн чанарын үзүүлэлтээр олон улсад 21 дүгээр байрт явж байгааг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээлж байна. Нэг ёсондоо мэдээлэл олж авах эрхийн тухайд манай улс ийм байранд орж, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. 

2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахаар ажиллаж буй улс орнууд мэдээллийн түгэмээл хүртээмжийг хангах, энэ талын хуулийн хэрэгжилтийг биелүүлэх нь зайлшгүй авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг болж байна. "COVID-19"-ийн хямралын цаг үед мэдээлэл авах хүртээмж нь энэ жилийн Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийн анхаарлаа төвлөрүүлэх гол сэдэв болж байна. 


Холбоотой мэдээ