Төрийн албаны шалгалт өгөхөөр 16 мянган иргэн бүртгүүлжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-28 12:59:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Төсвийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тусгажээ. Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байх юм.


Коронавируст цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжихээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим ажлыг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.


Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмж 288 мянган төгрөг болгосон шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.


Тус байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа.


Төрийн албаны зөвлөлийн 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 3 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 13.4 хувь буюу 0.5 тэрбум төгрөгөөр бага байна. Түүнчэн урсгал зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр багасгажээ. Харин Авлигатай тэмцэх газрын даргын нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн  байна.


Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын шалгалт болон төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах ажлын явцыг тодрууллаа. Төрийн худалдан авах ажиллагааг ирэх оноос бүрэн цахимжуулахаар бэлтгэж байгааг Сангийн сайд хэллээ.


Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулахдаа, “Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтыг хүний нөлөөгүйгээр, шударга явуулах үүднээс 100 хувь цахимаар авдаг болсон. Ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 4-нд эхэлнэ. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийт 16 мянга гаруй иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин тусгай шалгалтын хувьд үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж эхлээд байна” гэв.


УИХ-ын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Ш.Адьшаа нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах,  хавтгайрсан улс төржилт, ялгаварлан гадуурхалтыг арилгахад Төрийн албаны зөвлөл анхаарах шаардлагатай байгааг санууллаа.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд ноднин оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гэлээ. Тэрбээр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг хандлагыг төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор ёс зүй, сахилга хариуцлагын талаар төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгуулна” гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул байнгын хорооны дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ