Бүх нийтээр ногоон тэжээл тариалахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-28 12:53:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн хүндрэлээс урьтаж мал мах борлуулах, бэлтгэн нийлүүлэх ажлыг орон нутаг тодорхой бодлогоор ханган ажиллаж байгаа бол тарга тэвээрэг тодорхой хэмжээнд авсан малаа авч үлдэх, онд оруулах зорилгоор Ногоон тэжээл тариалах ажлыг Баянхонгор аймагт эхлүүлсэн.
Тус тэжээлийг тариалахад технологи, аргачлал хялбар бөгөөд хэн ч, хаана ч тариалах боломжтой төдийгүй өвс тэжээлээс илүү шим тэжээллэг чанар ихтэй, өег, зарцуулалт бага байхаас гадна ургац өгөх хугацаа нь 7-10 хоногт тогтмол байдгаараа онцлог. Тиймээс аймгийн хэмжээний төрийн байгууллагын бүх шатны албан хаагч нэг бүрийг тус ажилд татан оролцуулж, тодорхой хэмжээний үр тариагаар хангаж буудай тариалах үүргийг хүлээлгэхээр болжээ. Энэ тухай шийдвэрээ аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан төрийн байгууллагын удирдлагуудын шуурхай хурал дээр танилцуулж, малчдадаа туслах ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдээ хамтран ажиллахыг хүслээ.
Нэг кг үрээр таван кг ногоон тэжээл тариалах бөгөөд ердийн буюу тасалгааны температурт тариалах боломжтой. 92 хувийн шингэцтэй, хямд өртөгтэй, малд өгөх шим тэжээл, таргалуулах чанараараа бусад өвс тэжээлээс харьцангуй үр дүнтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Аймгийн ХХААГ-аас бүх байгууллагыг тус бүр 500 кг ногоон тэжээлийн үрээр хангах бөгөөд тариалах хугацаанд мэргэжлийн байгууллагаас тодорхой арга зүйгээр ханган ажиллах юм байна. Ийнхүү тариалсан ургац тэжээлээ одоо зарагдаж байгаа өвс тэжээлээс хоёр дахин хямд зардлаар малчдын гар дээр хүргэх ажлыг аймаг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ногоон тэжээл тариалах хөдөлгөөнд ХХААГ-аар дамжуулан, иргэд олон нийт сайн дураараа хамтран оролцох бүрэн боломжтой.
Холбоотой мэдээ