АНУ Тайваньд дахин зэвсэг худалдсантай холбоотойгоор БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-28 13:06:41

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас өчигдөр буюу мягмар гарагт дахин Тайваньд зэвсэг худалдах болсноо зарласантай холбоотойгоор БНХАУ-ын ГХЯ-наас эсэргүүцлээ илэрхийлэв.

            Тодруулбал, Хятадын ГХЯ-наас “Энэ үйл явдал нь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хятад улсын бүрэн эрхт болон аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Тиймээс Хятад улс өөрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.

            Өнгөрсөн долоон хоногийн лхагва гарагаас /21-ний өдөр/ хойш АНУ-ын Засгийн газар Тайваньд дахин 2.37 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 100 ширхэг хөлөг онгоц эсэргүүцэх системийг худалдах болсноо зарласан юм. Ингэснээр АНУ-аас нэг долоон хоногийн дотор хоёр дахь удаагаа, 2016 онд Д.Трампыг Засгийн эрхэнд гарснаас хойш 9 дэх удаагаа Тайваньд зэвсэг худалдаж буй явдал болов.

            Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ-аас Тайваньд зэвсэг худалдах нь “нэг хятад”-ын зарчим болон “Хятад-Америкийн хамтарсан гурван мэдэгдэл”-ийн дүрэм, журмыг ноцтой зөрчиж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хятад улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Мөн Тайванийн салан тусгаарлах нөхцөл байдалд буруу дохио өгч, Хятад-Америкийн харилцаа, Тайванийн тэнгисийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна” гэв.

            Мөн тэрээр АНУ Тайваньд зэвсэг борлуулах болон АНУ-Тайванийн хамтарсан цэргийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох ёстой гэсэн байна.  

Холбоотой мэдээ