Тайгад суурилуулсан камерт ховор ан амьтдын дүрс, зураг бичигджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-27 08:42:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.

Тус газрынхан хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьсан бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт 2019 онд анх удаа цоохор ирвэсний зураг дарагдаж байсан. Харин 2020 оны 7 сарын 30-нд цоохор ирвэсний дүрс бичигдсэн байна.  Мөн нэн ховордсон аргаль, янгир, баавгай гээд олон амьтан байгааг гэрчлэх дүрс  зураг бичигдсэн гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх  хэлж байлаа.  

Тус хамт олон 6 дугаар сард суурилуулсан 78 камерын байршлыг сольж өвлийн байрлалд тавьсан байна. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ.

Холбоотой мэдээ