Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-26 14:48:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ.


Засгийн газраас өнгөрсөн оны 4 дүгээр сард Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд УИХ хэлэлцэх шатандаа явж байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай 3 хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд үүнийг холбогдох байнгын хороод хэлэлцээд төсөл санаачлагчид нь буцаах шийдвэр гаргасан юм. Засгийн газраас өргөн барьсан төсөл нь ноднин Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн тухай хуулийг нийцүүлэх зорилготой юм. Уг хуулийг энэ ирэх сард багтаан батлах нь зөв хэмээн МАН-ын бүлгийн олонх үзжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн төслүүдийг байнгын хорооны саналын дагуу буцаах болсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл өгөхдөө онцлов.


Тэрбээр, “Шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу огцруулдаг байх хуулийг УИХ ноднин баталсан. Энэхүү хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-ын 13 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэнэ” гэлээ.


Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудлыг бүлгийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн тухай мэдээлэл гарсан?


-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагаас УИХ-д ирээгүй. Ирэхээс нь өмнө хэлэлцэх боломжгүй. Орон нутгийн сонгуулиар МАН олонх болсон. Сонгуулийн дүнгээр Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгчдөд хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн асуудал үүссэн. Энэ асуудлыг хаалттай ярилцсан.


-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумьяабазарын оронд УИХ-ын гишүүний нөхөн сонгууль зохион байгуулах асуудлыг ярилцсан уу?


-Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй. Гэхдээ хуулийн зохицуулалт тодорхой. Гишүүний орон гарсан тохиолдолд жил бүрийн зургаадугаар сар эсхүл 10 дугаар сарын эхний хагаст зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль ирэх оны зургаадугаар эсхүл 10 дугаар сард болно гэсэн үг.

Холбоотой мэдээ