Японы шинэ Ерөнхий сайд АНУ-тай эвсэхийг гадаад бодлогынхоо үндэс болгон тунхаглав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-26 14:35:47

ТОКИО. /NHK/. Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихэдэ АНУ-тай эвсэхийг гадаад бодлогынхоо үндэс суурь гэж үзэж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ бүс нутгийн орнуудтай хийж буй харилцаагаа энэхүү бодлогод тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөж байна. Ийм мэдэгдлийг тэрбээр даваа гарагт парламентдаа анх удаа үг хэлэхдээ хийжээ.


"АНУ-тай эвсэх нь манай дипломат харилцаа, аюулгүй байдлын бодлогын гол тэнхлэг юм. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт, эрх чөлөөний үндэс суурь болно" гэж Японы Ерөнхий сайд хэлсэн байна.


Гадаад бодлогын гол зорилго бол "бидэнтэй ижил үнэт зүйлсийг хуваалцдаг орнуудтай хамтран хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг байгуулах юм” гэж Сүга онцлон тэмдэглэсэн байна. Ийм орнуудын ангилалд тэрбээр АНУ-аас гадна, “Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” буюу АСЕАН-ы орнууд, Австрали, Энэтхэг мөн Европын Холбооны улсуудыг оруулжээ. 


Сүга Япон-БНХАУ-ын харилцааг бүс нутаг төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд туйлын чухал гэж мэдэгдэв. "Өндөр дээд түвшний харилцаа холбоог ашиглан бид Хятадтай нийтлэг асуудлуудаар хамтран ажиллаж, харилцаагаа хэвээр хадгалж үлдэнэ" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Цэргийн хөтөлбөр нь ил тод бус байна гэж Токио өмнө нь Бээжинг удаа дараа буруутгаж, Токиогийн хяналтад байдаг Сенкаку (Дяоюйдао) арлыг эзэмшилдээ авахыг оролдож байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан юм.


Японы Ерөнхий сайд мөн хэлсэн үгэндээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан болзол тавилгүйгээр уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч Сүга Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон байна.


 


Холбоотой мэдээ