“Их-7”-гийн удирдагчид хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-24 11:40:05

ТОКИО. /NHK/. 2030 он гэхэд өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй байгаа хөгжиж буй орнуудын 500 сая иргэдийг аврахын тулд хамтын хүчин чармайлт гаргах талаар “Их-7”-гийн удирдагчид ярилцах төлөвтэй байна.

Тэд хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн дутагдалтай холбоотой асуудлыг Японы Исэ-Шимад  болох Дээд хэмжээний уулзалтын үеэр авч хэлэлцэн, Тунхаглал баталж магадгүй  хэмээн эх сурвалж мэдээллээ. Дээд хэмжээний уулзалт пүрэв, баасан гарагт болох юм.

Урьдчилан бэлтгээд буй Тунхаглалын төсөлд дурдсаныг үзвэл, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлснээр хүний нөөцийг илүү оновчтой ашиглахыг уриалсан байна. .

Мөн хүнсний тусламжийг илүү үр дүнтэйгээр хуваарилах ёстой гэсэн санааг Тунхаглалд оруулжээ. Учир нь, хөгжингүй орнуудаас хандивласан хүнсний тусламж өлсгөлөнд нэрвэгдсэн газруудад тэр бүр хүрэхгүй байгаа юм.  

Түүнээс гадна, байгалийн гамшиг болоод цаг уурын өөрчлөлтөд зохицож чадахуйц тогтвортой фермерийн аж ахуйг бий болгох талаар Тунхаглалын төсөлд тусгасан байна.

Х.Сарнай



 

 

Холбоотой мэдээ