Г.Мөнхзаяа: ИТХ-ын төлөөлөгч хүн бол цэвэр үүрэг хариуцлагын эзэн байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-21 16:57:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон зургаан эмэгтэй төлөөлөгчийн нэг Г.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрээр аймгийн ИТХ-д дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон юм.

-Юуны өмнө танд төлөөлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-ИТХ-ын төлөөлөгч гэж ямар хүнийг хэлэх вэ, төлөөлөгч хүн ямар байх ёстой вэ гэдэг асуултаар яриагаа эхлүүлье. Учир нь бусдыг төлөөлж төрд суугаагаа мэдэрдэггүй хүн цөөнгүй байдаг л даа?

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг бол албан тушаал, нэр алдар гэж би ер боддоггүй. Харин нутгийн минь ард иргэдийн ихийг хийгээрэй, бидний дуу хоолойг төр засагт өргөөрэй гэсэн даалгавар байдаг. Энэ даалгавар, тэдний итгэлийг алдахгүйн төлөө өөрийн бүхий л нөөц боломжийг дайчлан ажиллах ёстой хүн гэж би боддог.

-Таны хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа сонгогдохдоо яг л нэг тойрогтоо байсан уу?

-Тийм ээ. Би тойрог сольж нэр дэвшихийг сайн зүйл гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн тойрогтоо хийсэн ажилтай, дээрээс нь иргэд сонгогчдын хүлээлт байдаг учраас. Тийм ч учраас нутгийнхантайгаа хамтран сүүлийн хэдэн жил сум  орон  нутгийнхаа хөгжлийг хурдасгах тал дээр анхаарч ирлээ.

-Төрөлх нутаг Халзан сумынхаа иргэдийн итгэлийг дахин хүлээлээ. Өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулна уу?

-Баярлалаа. Сумынхаа 1800 орчим хүн амыг төлөөлж буй хүний хувьд өнгөрсөн хугацаанд мэдээж нийгмийн бүхий л салбарт анхаарч ажилласан. Эрүүл мэндийн чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Ингэснээр хоёр ч хорт хавдрыг эрт үед нь оношлон дараагийн шатны эмчилгээнд хамруулсан. Мөн сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан деферлятор аппаратыг гурван сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгсөн байна. Боловсролын чиглэлээр, бага насны хүүхдүүдийн зориулалтын тоглоомын талбайг сургуулийнх нь хашаанд барьж байгууллаа. Насанд хүрэгчид, оюутан залуучуудад зориулж хуучин биеийн тамирын талбайг иж бүрэн засварлаж иргэд залуучууд биеийн тамираар хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өглөө.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дотуур байрыг бүрэн камержууллаа. Мөн БСШУ-ны сайдын дэмжлэгтэйгээр сурагчдын  дотуур байранд 50 гаруй сая төгрөгийн засварыг хийж гүйцэтгүүлснээр хүүхдүүд таатай орчинд сурч боловсрон, амьдрах боломжтой болоод байна. Нийгмийн халамжийн чиглэлээр, ахмадуудынхаа саналд үндэслэн өөрийн санаачилгаар, орон нутгаас төсвийг нь шийдвэрлүүлэн “Ахмадын ёслол хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо. Зорилтот бүлгийн өрхийг дэмжих зорилгоор 2019 оны 4 дүгээр сард дөрвөн өрхөд  5 ханатай иж бүрэн гэр, гурван оюутанд 500,000-1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ. Аль болохоор өөрийн нөөц боломждоо тулгуурлан шийдэж өгөхийг хичээдэг.

-Таныг төлөөлөгчөөр сонгогдон ажилласан сүүлийн 10 гаруй жилд нутагт тань гарсан эерэг дүн, өөрчлөлтүүдийг нэрлээч гэвэл?

-Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт хийж сум орон нутгийн өнгө үзэмж сайжирсан. Тухайлбал сургууль, нутгийн удирдлагын ордон, соёлын төв, цэцэрлэгийг шинээр барилаа. Сум дотор 2км сайжруулсан зам тавьсан. Цаашид үүнийгээ хатуу хучилттай болгохоор зорьж байгаа. мөн сумын төвийн иргэд маань дээд зэргийн цэвэршүүлсэн усыг хэрэглэж байна. Иргэд, хүүхэд багачууд таатай орчинд ажиллаж, амьдарч байна. Энэ бүтээн байгуулалт болон хөгжилд үе үеийн сум орон нутгийн удирдлагууд, хурлын төлөөлөгчдийн хичээл зүтгэл, үүрэг оролцоо байсныг хэлэх нь зөв. Миний хувьд тэднийхээ залгамж халаа нь болон ажиллаж байгаа хүн шүү дээ.

-Ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллав?

-2012 онд нэр дэвшиж байхдаа сумандаа ахуйн үйлчилгээний төв байгуулах зорилго тавьж байсан. 2014 онд ахуйн үйлчилгээний 6 чиглэлээр тоног төхөөрөмж нийлүүлж тодорхой тооны хүмүүс өөрөө өөртөө ажлын байр бий болгож байлаа. Одоогоор оёдол, үсчин гоо сайхны үйл ажиллагаа нь тогтмолжсон ч зарим нь хараахан ажиллаж чадахгүй байна. Энэ нь сум орон нутгийн зах зээлийн багтаамж, түүнийг ажиллуулах хүний тогтвор суурьшил, мэргэжлийн ур чадвар зэргээс хамаарч байна. Тэгэхээр дээрх чиглэлээр хүмүүсээ сургах, чадавхжуулах шаардлагатай байгаа. Мөн залуу малчдыг малжуулах хөтөлбөрийг 2 жил дараалан хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд өөрийн гэсэн мал ахуйтай болсон залуучууд цөөнгүй бий. Цаашид ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр төр засгаас гаргаж байгаа шийдвэр мөн өөрийн санаачлагын хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

-2016-2020 оны мөрийн хөтөлбөр тань яг хэдэн хувьтай биелэв? Хэрэгжүүлж чадаагүй ажил байгаа бол шалтгаан нь юу байв?

-Олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажилладаг зарчимтай. Миний хувьд төлөөлөгчийн зүгээс санал оруулсан болон санаачилсан ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байна. Ер нь төлөөлөгчөөр сонгогдсон л бол засаг ямар байхаас үл хамааран хэлсэн, ярьснаа заавал хэрэгжүүлэх ёстой.

-Тэгвэл цаашид та юу хийхээр төлөвлөж байна?

-Миний хувьд төрж өссөн нутгийнхаа уул ус, аав ээж, ахан дүүс ард иргэддээ байнга сүслэж, талархаж явдаг. Энэ олон хүмүүсийн итгэл, урам зоригийг олон жил дааж явахсан гэж хичээдэг. Манай сумын хувьд төрийн байгууллагуудын  байшин барилга дэд бүтэц харьцангуй шинэ тутам баригдсан. Одоо хүний хөгжил, хүүхэд багачуудыг сургах сургалтын чанар, багшийг чадавхжуулах, шинэ залуу боловсон хүчний ажиллах амьдрах таатай орчин, тогтвор суурьшлын асуудлууд нэн тэргүүний  ажлаа бодлогоо болгож ажиллана гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр бодож төлөвлөсөн ажлууд байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиа түшиглэж Хүүхэд хөгжлийн төв байгуулах, багш сурагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр МУБИС-ийн багш нартай хамтарч ажиллахаар эхний ажлуудаа төлөвлөөд явж байна. Дараагийн томоохон ажил бол түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорино. Энэ төслийг хэрэгжүүлснээр сум орон нутагт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн багш, эмч, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Сүхбаатарынхан энэ жилээс эхлэн УИХ-ын хоёр гишүүнтэй болсон. Тиймээс Сүхбаатарынхан, тэр дундаа Халзанчууд үүний үр дүнг зөвөөр хүртэх ёстой байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Бид хамтдаа байж сая үр дүнг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Цаашид хоёр гишүүнтэйгээ хамтран хувь хүний хөгжил рүү чиглэсэн болон малчдын орлогыг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцож санал санаачилгатай ажиллахаар төлөвлөж байна.

-Сум орон нутгийнхаа хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Өөдрөгөөр харж байгаа. Хүн нь өссөн, мал нь өссөн, орлого нь нэмэгдсэн цэвэр цэмцгэр, сайхан сум болно гэдэгт би эргэлздэггүй. Ирээдүйдээ улсын тэргүүний сум болгохын төлөө ард иргэдтэйгээ хамт зүтгэнэ ээ. Мөн аймгийн ИХ-ын цөөхөн эмэгтэй төлөөлөгчдийн нэг гэдэг утгаараа охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болон ажиллах болно.

-Баярлалаа, танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ