Мэргэшсэн ТББ-ууд хамтран ажиллахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүү, бизнес, эдийн засаг, нийгэмд салбарын мэргэжлийн ТББ-уудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх шаардлага бийг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин онцолж байна. Энэ үүднээс Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт санаачлан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Үндэсний дотоод аудиторуудын холбоо, Мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг мэргэжлийн байгууллага хамтран ажиллахаар болж өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Эдгээр байгууллага нь гол нь олон улсын мэргэжлийн дээд байгууллагынхаа жинхэнэ гишүүн, Монгол Улсын хуулиар эрх хэмжээ, чиг үүрэг нь тогтоогдсон, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэн гүйцэтгэж буй, мэргэжлийн гишүүнчлэлтэй, нийтэд ил тод, хүлээн зөвшөөрсөн засаглалын тогтолцоотойг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин тодотгож байна. Мэргэжлийн мэргэшсэн ТББ-ууд хамтарснаар
- тухайн салбарын үйл ажиллагааг давхцуулахгүй ажиллах,
- мэргэжлийн байгууллагуудын статусыг бий болгох,
- олон нийтийн буюу нийгмийн олон талын эрх ашгийг дээдлэх,
- салбарын болон мэргэшсэн байгууллагуудын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох,
- мэргэжлийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалан ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигтээ тусгажээ.
Санамж бичигт Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Үндэсний дотоод аудиторуудын холбооны тэргүүн Ж.Оюумаа, Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн ерөнхийлөгч Г.Баянмөнх нар гарын үсэг зурав.
Гэрэл зургийг Н.Батбаяр