Өргөнийхний хайрыг олондоо түгээсээр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-20 14:14:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтлийн тасгийн их эмч Д.Баянмөнхийн тухай хөрөг нийтлэлийг хүргэж байна.


Аавын хайраас амьдралын зах руу шилжсэн нь

 “Би аав, ээж хоёртоо ямар азаар төрсөн юм бол гэж боддог. Миний ээж олон таван үггүй. Хоол унд сайтай, дөлгөөхөн хүн. Аав минь их зөөлөн хэрнээ хатуурхах үедээ хатуу. Гэхдээ хүнтэй муудалцаад байдаггүй, эвийг нь олоод түмэнтэйгээ явдаг байсан. Хүнийг хайрлаж байж хүний хайрыг татдаг юм шүү гэж үргэлж хэлдэг байсан захиасынх нь дагуу л өнөөдөр амьдарч явна даа” хэмээн ижий, аавынхаа тухай гүн хүндэтгэлтэй өгүүлэх нэгэн эрхмийг Дашсүрэнгийн Баянмөнх гэдэг.

Тэрээр хорвоод анх төрөхдөө л аав, ээжийгээ онцгой баярлуулж, амжилт, ялалт хоёрыг цуг өвөртөлж ирсэн түүхтэй. Малын эмчийн албатай С.Дашсүрэн гуай мал тарилгын ажлаар явж байгаад гэртээ нэг ирэхэд нь тулгар биетэй эхнэр нь дуншиж байгаагаа ч хэлэлгүй, нөхрийгөө буцаагаад үдэж. Харин азаар гэх үү, авралаар гэх үү Дашсүрэн гуай хэрэг болгон зорьж ирсэн тарилга туулгаа мартаад явчихсан даруйдаа буцаад иртэл эхнэр нь төрөхийн өвдөлт өгөөд эхэлчихсэн байж. Ойр хавьдаа хүн амьтангүй, нэг настай хөгшнөөс өөр хань бараагүй, хүндхэн нөхцөлд тэрээр хоёр яс салгаж, эхнэр, хүүхдийнхээ амийг аврахаар ханцуй шамлан очиж байжээ.  

Өөрийнхөө 37-ны жил дээр нуган үртэй болж, өөрийн гараар эх барьж авсан, тэр жилдээ “Аймгийн аварга малын эмч” болсон, төд удалгүй харьж яваа насандаа нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойгоор нутгийн хурц арслан н.Пүрэвтогоотой урамтай сайхан барилдаж, үзүүр түрүүнд тунасан гээд олон сайхан ололт амжилт тэр жилүүдэд давхцаж байсан болохоор Дашсүрэн гуай отгон хүүгээ илүү хайрладаг байв.

Ямартаа л Баянмөнхийг сургуульд суух болоход нутгийнхан нь “Дашсүрэнгийн бурхан нь сургуульд суух нь дээ. Одоо ч танайх сумын айл болох нь дээ” гэж хэлдэг байжээ. Гэвч аав нь хүмүүсийн үгээр явсангүй, “Хоёр ах нь хөдөө гарсан. Миний хүү сургууль соёлд сурахгүй бол болохгүй. Чамайг дагаад сум орохоор хэдэн малаа хаана хаях уу. Миний хүү эгчтэйгээ айлд суучих” гэж хэлэхэд нь хэдий дургүй байсан ч аавынхаа өөдөөс зөрж үзээгүй болохоор үгэнд нь ороод сургуулийнхаа дотуур байранд суусан нь амьдралын зах зухыг мэдрэх эхлэл байв. “Аав, ээжийнхээ хайр, харцнаас анх удаа хол байж, өлсөж цангаж, тэсвэр тэвчээр сууж, түмний дунд эвтэй байх аргыг олж, сургуульд суусан эхний жилээсээ л амьдрал гэгчийг мэдэрсэн дээ” хэмээн Д.Баянмөнх хуучилж байлаа.

 


Өргөнийхний хайрыг олондоо түгээсээр

Түүний удам угсааг танилцуулахын тулд Өргөнийхөн гэдэг нэрийг орхиж боломгүй. Зөвхөн энэ нэрийг хэлэхэд л Баруунбаян-Улааныхан Д.Баянмөнхийг нэртэй айлын зүстэй хүү болохыг нь андахгүй танина. Түүний өвөө Суманхүү гэж, бяр чадалтай, сайхан барилддаг хүн байсан бол авга ах нар нь С.Дашдорж, С.Цэвээнбал гээд аймгийн начин цолтой бөхчүүд. С.Дашсүрэн гуай сумын заан цолтой, ер нь тэднийхэн удмаараа барилдаанч, тэнхээ ихтэй улс. Тиймдээ ч нутгийн зон олноос “Өргөнийхөн” гэх алдрыг авч, энэ нэрээрээ удамшиж яваа юм.

Д.Баянмөнх ч эцэг, өвгөдийнхөө зодог, шуудгийг тайлсангүй. Түүнийг анх зодоглоход аав нь “Бөхийн дэвжээн дээр нутаг, ус хамт байдаг юм шүү. Богд уулынхаа ар, өвөрт аав нь сайхан барилдаж явлаа. Миний хүү Өшгөгийн нуруу, Зүүн Богдоо сүсэглээд барилдаж бай” хэмээн захиж байжээ. Харин ээж Х.Цэрэн хоол унд, ааш зан сайтай эмэгтэй. Хайрхандулаан буюу хуучнаар Гүннарийн сумын гарлын хүн. Шийлэгтөмрийнхөн гээд нэр төр, бэл бэнчин сайтай ургийг үргэлжүүлэн түүчээлж явааг нутгийн хүмүүс хэлээд өгнө.  

Ямартаа л, тэднийх өвлийн идшиндээ гурван бод, хориод бог хийдэг  байхав. С.Дашсүрэн гуай 3 дугаар багийнхаа малын эмчээр 7 жил ажиллаж, мөн даргын албыг хашиж байсан, Х.Цэрэн гуай холбоочин байсныг хэлэх үү, сумын бараг бүх хүн л тэднийхээр орж гардаг, малын тоо, сонгууль хоёроор бол гэрт нь чихээд хоноглодог болохоор л тийм их идэш бэлтгэдэг байжээ.

Ийм л ажилч хөдөлмөрч, үнэнч шударга, төлөв төвшин, олондоо хүндлэгдсэн хоёр талын бат хэлхээс болж, Д.Баянмөнх өөрийн амьдралыг удмын нэр сэвтээлгүй авч явна. Ингээд бодохоор “Өргөнийхөн” гэдэг алдар нь тэднийхний өргөн их хайрын илэрхийлэл юм.

 


Өвчтөнийг өрөвдөн хайрлах сэтгэл нь гэмтлийн эмч болгожээ

 Д.Баянмөнх 7 дугаар ангид байхдаа ирээдүүд ямар мэргэжил сонгох талаар найзуудтайгаа хөөрөлджээ. Түүнийг “Эмч болно” гэхэд найзууд нь “Чам шиг ийм том биетэй хүүхэд эмч болоод хүн тарьж чадах уу. Тэгснээс чи бөх болсон нь дээр” гэж. Дөрөвдүгээр ангиасаа барилдаж эхэлсэн, спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог, өсгөлүүн биетэй найзыгаа эмч болно гэхэд итгээгүй хэрэг л дээ.

Бага ангидаа спартикадын тэмцээнд түрүүлж, дараа нь хүүхдийн өсвөрийн барилдаанд үзүүрлэн мянган төгрөгөөр шагнуулж байсан нь түүнийг спортод улам дурлуулж, улмаар олон нийтийн ямар ч ажилд идэвхтэй оролцдог сурагч болжээ. Шагналынхаа мянган төгрөгөөс гэр бүлийхэндээ чихэр, печень, жүржийн ундаа аваад үлдсэн таван зууг нь хичээлдээ хэрэглэнэ гээд хадгалж байсан нь мөнгөтэй холбоотой хамгийн сайхан дурсамж. Ийнхүү урлаг, спорт хөөцөлдөн хичээлээс хэсэг хөндийрсөн хүү 8 дугаар анги төгсөх жилээсээ буурь сууж, ирээдүйдээ санаа зовж эхэлсэн байна. Ингээд найзуудтайгаа хими, биологийн сонгонд явж, эрчимтэй хичээллэн улсын шалгалтаа өгөхөд бүгд амжилт гаргаж, ангиасаа олуулаа анагаахын хуваарь авч байсан нь одоо нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн нэртэй эмч нар болжээ.  

Төгсөх ангийн улсын шалгалтаа өндөр оноотой өгсөн түүнд аль ч их, дээд сургуулийн үүд хаалга нээлттэй байсан ч багш нар, найз нөхдийнхөө ятгалгаар Анагаахын өндөр босготой сургуулийг сонгосон нь алдаагүйг өнөөдрийн ажил үйлс нь батална. Анагаахын сургуульд хоол, нойроо хасан зургаан жил суралцаж олсон мэдлэг боловсролоо төрөлх сумын ахан дүүстээ зориулахаар сэтгэл шулуудаж, аав нь ч түүнийг дэмжсэнээр 2013 оны 7 дугаар сард сумынхаа эмчээр томилогдон улмаар 10 дугаар сараас нь Эрүүл мэндийн төв хэмээх их айлыг удирдаж эхэлсэн байна.

Д.Баянмөнх гэмтлийн эмчээр мэргэшдэг нь өвчтэй хүмүүсийг хурдан эдгээдэг эмч болох багын хүсэлтэй нь холбоотой. “Яс нь хугарсан, гэмтсэн хүмүүс мэс засалд ороод хоёр хоногийн дараа таягтай босч ирдэг болохоор бусад өвчлөлийг бодвол урамтай гэх үү дээ. Удаан өвдөж, шаналж байгаа хүнийг харахад маш хэцүү. Хурдан хөл дээр нь босгох юмсан л гэж боддог” хэмээн ил цагаахан ярих тэрбээр эмнэлэгт хэвтээгээрээ орж ирээд хоёр хөл дээрээ гарч байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй сэтгэл огшдог болохоо дурдаж байв.


Амьдралын боломж тааруу 800 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

Түүнд эмч болсноороо бахархах олон гавьяа бий. Хайртай аавыгаа чихрийн шижин өвчнөөр оношлогдож, бие нь муудахад эмч хүүгийн чадварыг гаргаж хөл дээр нь босгоод дахин арван жилийн амьдрал үзүүлсэндээ жаахан ч гэсэн тайтгарч явдаг аж. Дунд чөмөгний хугаралтай хүний түнхний үе солих хагалгааг аймагтаа нутагшуулж, Т.Батсайхан, Гангамөрөн эмчтэйгээ хамтраад найман хүнд энэ хагалгааг хийжээ. Хийсэн ажил нь шилдэг хагалгаагаар шалгарсанд баярласангүй, харин хэвтрийн болсон хөгшчүүдийг Улаанбаатар руу явах зардал, чирэгдлээс нь хамгаалж, нутагтаа эмчилж чадсандаа баярладаг нь түүний үг ярианаас илхэн байлаа.

ГСҮТ-ийн Ө.Өлзийбаатар багшийнхаа хүчин чармайлтаар “Орон нутагт гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийг аймагтаа 6 сарын турш хэрэгжүүлж, энэ хугацаанд 12 суманд үзлэг хийн амьдралын боломж тааруу, түнхний мултралтай 800-гаад хүн, бяцхан үрсэд газар дээр нь хагалгаа хийж өгчээ. Бахархахгүй байхын ч аргагүй. Улаанбаатарыг байтугай, аймгаа зориод эмнэлэг бараадах боломжгүй, хаана хэнд хандахаа мэдэхгүй, байгаа газартаа шаналж хэвтээ тэр олон хүнийг өвчнөөс нь салгаж өгнө гэдэг зөвхөн эмч хүнд л заяасан их буян юм даа.

Д.Баянаа эмч эрүүл мэндийн салбарынхаа зарим зүйлд сэтгэл дундуур явдаг аж. Иргэдэд дутагдаад байгаа “Эрүүл мэндийн боловсрол”-ыг дэвшилтэт үр дүнд хүргэчих юмсан,  өндөр хөгжилтэй улс оронд хийдэг “топ” хагалгааг аймагтаа нэвтрүүлчих юмсан, салбарын өмнө тулгамдсан, хоцрогдсон олон асуудлыг бодлого болгон боловсруулж, хэрэгжүүлчих юмсан гэсэн бодол нь түүнийг өнөөдөр улс төрийн замд хөтөлж байна. Тэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Баруунбаян-Улаан сумынхаа ард иргэдийг төлөөлөн нэр дэвшиж, олон түмнийхээ итгэлийг хүлээн сонгогджээ.

“Манай иргэд эрүүл мэндийн боловсрол дутмагаасаа болоод амь насаараа хохирох асуудал их байгаад эмзэглэж явдаг. Хүн хамгийн түрүүнд эрүүл байх ёстой, эрүүл байж хөгжил ярих хэрэгтэй. Тиймээс эрүүл мэндийн асуудалд төрийн бодлогыг хандуулъя, өөрийнхөө, хамт олныхоо, ард иргэдийнхээ дуу хоолойг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүргэе” хэмээн өөрийн зорилгоо цөөн үгээр тодорхойлоод байна.

Б.Батчимэг



Холбоотой мэдээ