Төсөвт төвлөрүүлэх орлогыг 151.9 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-19 15:26:33

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5426.3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 9721.6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 151.9 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 118.4 хувиас 10 дахин давуулан биелүүлэхэд Булган, Жаргалант, Ихтамир, Цэнхэр сум байгалийн нөөц ашигласны орлого нэмэгдсэн нь шууд нөлөөлсөн байна.            

Аймгийн төсвийн орлогын 54.5 хувийг тусламжийн орлогоор, 23.5 хувийг орлогын албан татвараар, 2.8 хувийг өмчийн татвараар, 11.7 хувийг бусад албан татвараар, 6.9 хувийг татварын бус орлогоор, 0.6 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл  ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, рашаан ус ашигласны төлбөр, газрын дуудлага худалдааны орлого, бууны татвар, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогуудыг 113.3 хувиас 3.6 дахин биелүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 53156.9 сая төгрөг байгаагийн 62.4 хувийг цалин хөлсөнд, 8.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 29.6 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.

Холбоотой мэдээ