НИТХ-д нэр дэвшиж буй удирдах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл НИТХ-д нэр дэвшиж буй удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан талаар НЗДТГ-аас мэдээлэв.
Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан. Энэ заалтын дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон нийслэлийн хэд хэдэн агентлаг, газрын дарга нарыг гаргасан өргөдөлийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, байгууллагуудыг цаашид удирдах шинэ хүмүүсийг томилжээ.
Тухайлбал, “Нийтийн үйлчигээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханг чөлөөлж, Б.Ганзоригийг, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнг чөлөөлж, Б.Батсүхийг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг чөлөөлж, С.Цэдэнсодномыг, “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ш.Одонтунгалагийг чөлөөлж, М.Цэндийг томилсон байна.
Мөн “Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга Ч.Бямбажавыг чөлөөлж, Д.Энх-Амгаланг, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Л.Сайнтөгсийг чөлөөлж, Ц.Баярсайханыг, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржийг чөлөөлж А.Буяндэлгэрийг, “Улаанбаатар хотын захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын алба” ОНӨҮГ-ын дарга А.Цэрэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Э.Доржрагчааг тус тус томиллоо.
Ч.Ариунболд