Хариуцлагагүй ажилласан барилгын компаниудын тендерт оролцох эрхийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-20 11:25:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хариуцлагагүй ажилласан барилгын компанийг хар жагсаалтад оруулна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Энэ дагуу "Хөвсгөл геологи” ХХК, “Гранд очир констракшн” ХХК-ийг тендерт оролцох эрхийг хязгаарлах саналаа Сангийн сайдад хүргүүлжээ.

 

Учир нь "Гранд очир констракшн" ХХК нь Дэлгэрхаан сумын спорт заалны барилгын тендерт шалгарч 2019 оны 11 дүгээр сарын 19-нд дуусган хүлээлгэн өгөх байсан боловч материал таталт хүн хүчний дутмагаас шалтгаалан ажил оройтож, хүйтний улиралд эхэлснээс үүдэн хөлдөлт үүсч, барилгын ажлын явцад алдаа гарсан байна. Мөн дотор хананы өрөлтийн стандартыг зөрчсөн тул ажлыг зогсоож хоёр удаа буулгаж, дахин цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм.

Харин "Хөвсгөл геологи" ХХК нь Хэрлэн сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дээврээс ус нэвчиж, ангиудын ариун цэврийн өрөөнүүдээс ус алдсан, аваарын хаалгануудад давхар хаалга хийгээгүй, гал тогооны салхивч сорохгүй, гадаах талбайн тохижилт хийгээгүй зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Энэ мэтчилэн төрийн ажлыг гацааж, иргэдийг хохироож байгаа барилгын компаниудад цаашид ч хариуцлага тооцох болно гэдгээ аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ