Зуншлага тааруу сумдын мал газар тариалангийн бүсийн сумдад отроор намаржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн тал хээрийн бүсийн сумдын зуншлага тааруу байгаагаас шалтгаалж аймаг дотроо 261 өрхийн 211.6 мянган мал газар тариалангийн бүсийн сумдад намаржиж байна.
Тодруулбал тус аймагт намаржилт сайн байгаа хэдий ч тал хээрийн бүсийн зарим сумд ялангуяа Бүрэн суманд бэлчээрт өвсний ургалт муу байгаагаас мал ногоонд цадах боломжгүй, ургалт зогсонги байдалд орж гантай байгаа юм. Тиймээс аймаг дотроо буюу Бүрэн, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан зэрэг сумын 261 өрхийн 211.6 мянган мал газар тариалангийн бүсийн сумдад намаржиж байгаа бол Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг аймгийн 324 өрхийн 310.8 мянган толгой мал Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Эрдэнэсант, Баянжаргалан, Алтанбулаг, Сэргэлэн, Угтаалцайдам, Цээл суманд отроор тус тус намаржиж байна. Харин Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт сумын нутгаар ургамлын ургалт жигд зуншлага дунд зэрэг, бусад сумын нутгаар намаржилт хэвийн байна гэж аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга М.Дашдулам хэллээ.
Холбоотой мэдээ

