Япон улсаас 25 тэрбум иен зээлэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газрын солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Япон улсын Засгийн газраас "COVID-19-ийн үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг дэмжин Монгол Улсад нийт 25 тэрбум иений (ойролцоогоор 233 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар тохирчээ. Яаралтай тусламжийн зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс 4 жил чөлөөлнө. Зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь аж. Энэхүү яаралтай тусламжийн зээлийг "COVID-19"-ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг нар үг хэллээ. Тухайлбал Ц.Сэргэлэн гишүүн зээлийг цар тахлын үед өдөр шөнөгүй ажиллаж байгаа салбарын ажилтнуудыг дэмжихэд зориулах хэрэгтэй хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цар тахалтай тэмцэхдээ Монгол Улсын гадаад өрийг нэмэх нь буруу хэмээв.
Уг төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжиж, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.