Цар тахлаас хамгаалах хэрэгслийн нийт экспортын 44 орчим хувийг Хятад улс бүрдүүлжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-12 14:43:04

Бээжин /МОНЦАМЭ/. Дэлхийн Худалдааны байгууллагаас /ДХБ/ гаргасан урьдчилсан тооцооллоор БНХАУ-ын экспорт, импортын салбар дэлхийн худалдаанд бодит хувь нэмрээ оруулж байна гэж дүгнэжээ.

            Тодруулбал, ДХБ-ын ахлах эдийн засагч Адриан хэлэхдээ, “Энэ оны эхний хагас жилд дэлхий даяар өвчнөөс хамгаалах хэрэгслийн экспорт 49 хувиар нэмэгдэж үнийн дүн 98 тэрбум ам.долларт хүрсэн. Нийт экспортын 44 орчим хувийг нь Хятад улс дангаар бүрдүүлсэн. Оны эхний хагас жилд амны хаалтны худалдааны дүн 71 тэрбум ам.долларт хүрч өмнөх оныхоос 87 хувиар нэмэгдсэн. Үүний 57 хувийг Хятад улс бүрдүүлсэн” гэжээ.

            Тэрээр цааш нь өгүүлэхдээ “Бусад эдийн засгийн хувьд хүндрэлтэй хэвээр байгаа энэ цаг үед Хятад улсын эдийн засаг сэргэлт аваад байна. БНХАУ бол дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын салбарын хэрэглэгч улс. Азийн зарим буурай хөгжилтэй орон Хятад жуулчдын ашиг шимийг хүртдэг байсан ч одоо их хэмжээний хятад жуулчдыг авах боломжоо алдаж байгаа нь хүндрэлийг үүсгэж байна. Тиймээс Хятад улс ирээдүйд дээрх буурай хөгжилтэй орнуудын аялал жуулчлалын салбарыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэсэн байна.

            ДХБ-ын ахлах эдийн засагч Коулман Нитч-ийн хэлснээр, “БНХАУ-ын импортын эрэлт нь бүс нутгийн худалдааг тогтвортой байлгаж, улс орнуудын экспортыг төлөвлөгөөнөөс дээгүүр байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ оны эхний хагас жилд Азийн бүс нутгийн худалдааны хэмжээ өмнөх оноос 6 хувиар буурсан. Харин Хятад улсын Азийн бусад орноос хийж буй импорт зөвхөн 1 хувиар буурсан байна. Хэрвээ Хятад улсыг хасвал Азийн худалдааны хэмжээ дээрх хугацаанд 9 хувиар буурах байсан. Тиймээс Хятад улс зөвхөн экспорт хийгээд зогсохгүй импортоороо бусад улсын экспортыг дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулсан” гэжээ.

            Цар тахал нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч бүс нутгаас хамааран нөлөө нь харилцан адилгүй байгаа юм. Азийн орнуудын худалдааны хэмжээний бууралт бага зэрэг байгаа бол Европ, Хойд Америкийн орнуудын хэмжээ харьцангуй өндөр байна.

Холбоотой мэдээ