Монгол Улс Европын Холбооны "саарал жагсаалт"-аас гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 13:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтад байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ.


Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт”-ыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтөлж байгаа бөгөөд тус жагсаалтад Монгол Улсыг 2017 оны 12 дугаар сарын 5-нд оруулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтаар 2018 оны 1 дүгээр сард тус “хар жагсаалт”-аас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын “саарал жагсаалт”-д шилжсэн.


Энэхүү жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д гишүүнээр элссэн. Уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн.


Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц””-ыг Монгол Улсын Их Хурал энэ оны нэгдүгээр сарын 3-нд соёрхон баталж, зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул "саарал жагсаалт"-аас гаргажээ


Ташрамд дурдахад, Энэхүү жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр “саарал жагсаалт” биш бөгөөд ЕХ-ны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм.

Холбоотой мэдээ