Байгаль орчны асуудал хариуцсан алба хаагчдад зориулан сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-06 17:29:54

Төв /МОНЦАМЭ/.  Аймаг, сумдын байгаль орчны асуудал хариуцсан алба хаагчдад зориулан “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүнг үнэлэх", “Усны хэрэглээ, бохирдолд хяналт тавих” чиглэлээр арга зүйн турших сургалт зохион байгуулав. 

Уг туршилтын сургалтыг MERIT төслөөс санаачлан MХЕГ, БОАЖЯ, Төв аймгийн ЗДТГ-тай хамтран дөрөв хоногийн хугацаанд Зуунмод хот болон Заамар суманд тэнхимийн болон хээрийн гэсэн хослуулсан хэлбэрээр явуулсан байна. Сургалтад аймаг, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, сав газрын мэргэжилтнүүд, экологийн цагдаа зэрэг нийт 26 албан хаагч хамрагджээ.

Нөхөн сэргээлт болон усны хэрэглээ, бохирдолд хяналт тавихад ашиглах энэхүү гарын авлагыг Канад улсын болон Үндэсний зөвлөхүүдийн баг хамтран боловсруулжээ. Эдгээр гарын авлага нь орон нутгийн албан хаагчдад зориулан уурхайд энгийн бөгөөд үр дүнтэй хяналт шалгалт хийж, үнэлэхэд туслах зорилготой алхамчилсан зааварчилгаа болон хээрийн арга, аргачлалуудыг санал болгож буй юм. Оролцогчид уг гарын авлагыг өдөр тутам ажилдаа ашиглах боломжтой, мөн уг сургалтаар дамжуулан өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцох, цаг үеэ олсон сургалт болж байгааг албаныхан онцолж байв. 



Холбоотой мэдээ