Улсын филармонийн хөгжмийн зэмсгийг шинэчилнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-09-30 12:53:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газарт ажиллахдаа дээрх байгууллагын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.


“Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрсэн учир шаардлага хангахгүй болсон байна. Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх байх ёстой гэж үздэг. Улсын филармони нь жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт зохион байгуулдаг бөгөөд ирэх онд 50 жилийнх нь ой тохиож байна.

Холбоотой мэдээ