С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-30 12:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг өнөөдөр (2020.09.30) хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцлоо. УИХ-аас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль, тогтоомж батлагдаж, төсвийг нь нэмж байгаа ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна. Ялангуяа цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа уулзалтын эхэнд онцлов. 


Мөн эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөх, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулж, нэг шат ахиулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 


НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлжээ. Үнэлгээний тайланг энэ оны сүүлээр олон нийтэд зарлахаар төлөвлөсөн байна. Энэ тайлангийн үр дүнгээс шалтгаалан 2021 оны хамтын ажиллагааны чиглэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар бие даасан хууль гаргах эсхүл бусад хуульд тодорхой зохицуулалтуудыг уялдуулан оруулах шаардлагатай эсэх нь тодорхой болох боломжтойг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэллээ. Тэрбээр, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зөвхөн бэлгийн хүчирхийллээр хязгаарлаж, тухайн гэр бүлийн дотоод асуудал мэтээр хандаж болохгүй. Хүн бүрт хамааралтай учраас парламентын зүгээс Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийг батлахдаа хүүхэд хамгаалалд зарцуулах санхүүжилтийг нэмэх, холбогдох хуулийн шинэчлэлүүдийг хийхэд анхаарал хандуулахыг УИХ-ын дэд даргаас хүсэв. 


"COVID-19"-ийн улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгаа. Иймд хууль сахиулах байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтнүүдийг чадваржуулах, www.ekids.mn цахим хуудас болон хүүхдийн тусламжийн 108 утасны программ шинэчлэлд ажиллаж байна. Цаашид нэг ч хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад манлайлан оролцож, бүхий л талаар хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа илэрхийллээ.

Холбоотой мэдээ