Засгийн газар олон улсад шинэ бонд гаргав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-29 13:16:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар энэ сарын 28-нд "Номад" бондыг гаргаж, 600 сая ам.доллар олон улсын зах зээл дээрээс босгосныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү шинэ бонд нь 5.125 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай байх юм. 

Тэрбээр, “Сүүлийн гурван 7 хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Шинэ бонд гаргаад Монгол Улсад мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн" гэдгийг дуулгалаа. 


Тодруулбал, 2016 оны 4 дүгээр сард гаргасан жилийн 10.872 хувийн хүүтэй "Мазаалай", 2012 оны 12 дугаар сард гаргасан 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын "Чингис" бондыг шинэ "Номад" бондоор солих арилжаа хийжээ. Ингэснээр ирэх онд эргэн төлөх 10.875 хувийн хүүтэй "Мазаалай" бондыг 5.123 хувийн бага хүүтэй шинэ бондоор сольж, Засгийн газар жил бүр гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.долларыг хэмнэх боломжтой болж буйг дуулгалаа. 

Мөн 2021-2022 онуудад эргэн төлөгдөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулж, эргэн төлөх хугацааг 5.5 жилээр хойшлуулж байна. Ингэснээр Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал болон төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, гадаад валютын ханшид үзүүлэх ачааллыг бууруулна гэдгийг мэдэгдлээ. 


Тэрээр, "Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын 2022 онд төлөх ёстой. Бид ирэх 2 жилд бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхижсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан. Энэ жил "COVID-19"-ийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог юм" гэдгийг дурдлаа. 


Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн 4 бондын хүүд жилд 203 сая 100 мянган ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөх нь. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудад төлж буй мөнгө 26.7 сая ам.долларыг буюу 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа гэв.

Засгийн газрын шинээр гаргаж буй "Номад" бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад дэлхийд ил тод байдлыг бүрэн хангадаг "J.P.Morgan",  "Morgan Stanley",  "HSBC" болон "Nomura" гэсэн хөрөнгө оруулалтын 4 банктай хамтран ажиллажээ. 


Холбоотой мэдээ