Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-29 13:03:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор эхэллээ.


Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын 80 орчим байгууллагын 1000 гаруй ажилтны төлөөлөл болсон 18 сум, тосгоны нийт 70 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар нар оролцож орон нутгаас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Уг зөвлөгөөнөөр салбарын удирдлагууд 2019 оны ажлаа дүгнэн хэлэлцэж уламжлалт ёсоор шилдгүүдээ тодруулах юм. Мөн үеэр Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд гаргасан ахиц, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, НҮБ-ын Хүүхдийн сан, Койка ОУБ-аас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хүргэн, санал бодлоо солилцох ажээ. 


Холбоотой мэдээ