"AR ухаалаг хөтөч" төсөл хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-25 09:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн музей дэвшилтэт технологийн "AR ухаалаг хөтөч" төсөл хэрэгжүүлж эхэллээ.

 

Энэхүү төсөл нь музейн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсрол олгох зорилготой. Мөн үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүллэгийг бий болгож, олон нийт тэр дундаа залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, урлагийн бүтээлээр дамжуулан тэдэнд гоо зүйн хүмүүжил олгох, музей үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Төслийн хүрээнд бурхны шашны урлаг, зээгт наамал, уран зураг, баримал, уран дархан, сийлбэр, ардын гар урлал зэрэг Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд, археологийн малтлагаас илэрсэн түүх соёлын дурсгалын тайлбарыг цахим агуулгаар баяжуулан 10 дугаар сараас эхлэн Augmented Reality буюу AR ухаалаг нүдний шилний тусламжтай музейн үзэгчдэд хүргэж байна.

 

Augmented reality хөтөч нь бодит үзмэрийг нэмэлтээр график, видео, судалгааны гэрэл зургууд, текст, аудио мэдээллээр баяжуулсан байна. Ингэснээр музейн боловсролын ажлыг шинэ түвшинд авчрах, цаашлаад өнөөгийн монголын музейн салбарт нэгэн шинэ инновацыг нэвтрүүлж байна. Уг төслийн хүрээнд мөн музейн онцлох үзмэрүүдийн тайлбарыг цахим агуулгаар баяжуулсан ухаалаг утасны AR аппликейшн цаашид хийх юм.

 

Дүрслэх урлагийн музейд жилд дунджаар 11000 гаруй үзэгч ирдэг бөгөөд тэдгээрээс ойролцоогоор 50 гаруй хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэдний хувьд сургууль, гэр бүлийн шаардлагаар музейд ирэх бус тэдгээрийн сонирхлыг илт татахуйц дэвшилтэт технологиор дамжуулан эх орныхоо түүх, соёлыг улам их танин мэдэх хүсэл, сонирхлыг өдөөж, цаашлаад соёлын өвөө дээдлэн хүндэтгэх, соёл урлагийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, сэргээж болохыг ойлгуулах, өөрсдийн ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол, ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэн уг төслийг хэрэгжүүлж эхэллээ.


Холбоотой мэдээ