Монголд анх удаа Хубилай хааны лаан баримлыг урлажээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-23 22:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мөнх тэнгэрийн цаг” ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран “Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.


Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Тулуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлжээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм.


Үзэсгэлэнд Хубилай хаан болон Монголын эзэнт гүрний үеийн Жамух, Хасар, Өүлэн эх, Мухулай, Боорчи, Тулуй нарын түүхэн хүмүүсийн дүр төрхийг сэргээн урласан лаан баримлуудыг толилуулж байна. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалдаг Юань гүрний үед холбогдох хосгүй үзмэрээс дээжлэн дэлгэжээ.


Эдгээр лаан баримал Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэсэн гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Чингис хааны лаан музейн захирал Д.Дэлгэрмаагаас дараах мэдээллийг тодрууллаа.


-Лаан баримал түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл. Та бүхэн одоогоор түүхэн хүмүүсийн хэчнээн дүрийг амилуулаад байна вэ?

-Манай компани 2012 оноос энэхүү лаан технологиор ази хүний царай, харцыг хэрхэн гүн харуулах талаар ажиллаж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлдсэн хүлэг баатрууд болон ноёд хатдын баримлыг урлаж эхэлсэн. Нийтдээ энэхүү технологиор 20-иод баримал урлалаа. “XIII зууны Чингис хааны ойр дотны хүмүүс” гэсэн сэдвээр 2013 онд анх олон нийтэд танилцуулж байв.

-Хубилай хааны лаан баримлыг урлах санал санаачилга анх хэрхэн гарсан бэ?

-Манай музейд ирж буй гадны жуулчид Хубилай хааны өв соёлыг нэлээн сонссон байдаг. Чингис хааны сэдэвтэй олон баримал дунд Хубилай хааны өв соёл Европын жуулчдад илүү танигдсан байдаг. Марко Пологийн тэмдэглэлээр дамжуулан Европын жуулчдын сонирхлыг Хубилай хааны түүх татдаг. Тиймээс хоёр жилийн хугацаанд төлөвлөж, гурван сарын хугацаанд бүтээн баримлыг Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан өнөөдөр олон нийтэд толилуулж байна. Дэлхийд болон Монголд Хубилай хааны баримал байдаггүй. Үүнийг манай хамт олон урласан нь нэр төрийн хэрэг байлаа.

-Түүхэн хүмүүсийн бие бялдар, нүүр царайны төрх байдлын судалгааг хэрхэн хийв?

-Манай музейн ерөнхий зөвлөхөөр профессор н.Сүхбаатар ажилласан. “Монголын нууц товчоо”-нд 400 гаруй хүний дүр тэмдэглэгдсэн байдаг. Хэрхэн үүнийг буулгах вэ гэдгийг маш сайн зөвлөсөн. Хүмүүсийн харц, өндөр нам нуруу гэхчлэн “Монголын нууц товчоо”-ноос иш татан авч дүрүүдийг амилуулсан.


-Лаан баримлыг бүтээхэд хэчнээн хүн ажиллаж, хэдий хэр хугацаа зарцуулсан бол?

-Баримлыг бүтээхэд хоёр байгууллагын 30 гаруй уран бүтээлчээс гадна төмрийн дархан, оёдолчин, сийлбэрч гээд  олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Ер нь дөрвөн жилийн хугацаанд өмссөн хувцас, чимэг зүүлт гээд маш нарийн судалгаа хийж, түүхийн зөвлөхөөр олон хүмүүс ажилласан. Эрдэмтдийн зөвлөлийн баг түүхийн талаас үнэтэй зөвлөгөө өгсөн. Баатруудын толин дээр тухайн үед хувь хүний дардас буюу тамга хэрхэн байсныг хуяг дуулга хийхдээ буулгаснаараа онцогтой.

-Та бүхэн өөр ямар алдартай хүний баримлыг урлаж байв?

-Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын баримлыг өнгөрсөн тавдугаар сард Увс аймгийн музейн захиалгаар хийж гүйцэтгэсэн. Тухайн байгууллагын захиалгын дагуу маршал хувцас болон костюм бүхий хувцастай оёж хүлээлгэн өгсөн. Түүний өмнө 2017 онд Тувагийн нийслэл Кызыл хотын Үндэсний түүхийн музейн захиалгаар Сүбээдэй жанжны баримлыг хийж өгсөн. Мөн одоогоор нэг баримал урлаж байгаа. Цаашид орчин цагийн хүмүүсийн баримлыг бүтээх төлөвлөгөөтэй байна.

-Лаан технологийн  давуу тал юу вэ. Хурууны хээг маш нарийн гаргасан нь харагдаж байна?

-Энэхүү технологи нь бор шаргал, ази царайтай хүмүүсийн онцлогийг сайн гаргаж өгдгөөрөө давуу талтай. Өнгө тавилт, хүний арьсны нугалаа, харцыг сайн харуулж өгдөг.

-Эдгээр лаан баримал бат бэх чанараа хэдэн жил хадгалах боломжтой вэ?

-Хатгаад, зүсээд гэмтэл учруулахгүй бол энэ хэвээрээ 15-20 жил болно. Өмнө нь лаан технологийг 2-3 жил тутамд сэргээн засварладаг, маш их арчилгаа, тасалгааны хэм нарийн шаарддаг байсан бол одоо материалын чанар сайжирсан. Манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой, халуун хүйтэнд тэсвэртэй, бат бэх сайн чанарын материал болох нь батлагдсан.


-Жамухын лаан баримал их анхаарал татаж байна. Жамухын царай төрхийг ямар эх сурвалжид үндэслэж бүтээсэн бол?

-Эрдэмтдийн зөвлөл Жамухын дүр зураг ямар байх вэ, ямар  царай зүс, нуруу, харцтай хүн байх вэ гэж хуралдсан. Бидний мэдээллийн тулгуур эх сурвалж бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд хэрхэн дүрсэлснийг бид түүвэрлэж монгол дүр төрх гаргая хэмээн бүтээсэн. Жамухын баримлын дүр төрхийг үзэгч олон таатай хүлээн авдаг.


Холбоотой мэдээ