Автомат жолоодлогот ачааны автомашин зохион бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-05-19 17:03:13

САН-ФРАНЦИСКО./Xinhua/. “Google”, “Tesla”, “Apple” зэрэг өндөр технологийн компаниудад ажиллаж байсан 40 залуусаас бүрдсэн баг автомат жолоодлогот ачааны автомашин зохион бүтээх зорилгоор “Otto” гэдэг шинэ компани үүсгэн байгуулсан тухай технологийн мэдээллээр дагнадаг Америкийн “The Verge” сэтгүүлд бичжээ.

АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй уг компани ачааны автомашинаар арилжааны тээвэр хийдэг салбарыг өндөр технологийн салбар болгон өөрчлөх зорилго тавьсан байна.

Онолын хувьд “Otto” компанийн үйлдвэрлэх гэж буй ачааны машин нь хүн жолоодсоноос илүү олон цагаар ажиллах боломжтой юм. Хамгийн их даацтай “Volvo VNL 780” ачааны автомашиныг зохион бүтээхээр компани ажлынхаа гарааг эхэллээ.

Өмнөх үеийн өөрийгөө жолоодох автомашинаас ялгаатай нь хурдны зам дээр автоматаар жолоодох тал дээр илүү анхаарах аж.

Тус компани автомат жолоодлогын системийн судалгаа зэрэг олон асуудалтай тулгарч байгаа хэдий ч санхүүжилтийг 100 хувь өөрсдөө гаргадаг байна.

Уг компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өмнө нь “Google” компанийн автомат жолоодлогот автомашин зохион бүтээх багт ажиллаж байсан Энтони Левандовски ярихдаа “тэдний хийж байгаа зүйл нь үнэхээр гайхалтай. Гэвч бидний юу хийх гээд байгаа болон тэдний юу хийх гэж байгаа нь цаг хугацаа болоод зорилго чиглэлийн хувьд ялгаатай” гэлээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ